Нэг гэр бүлийн долоон хүний амийг авч одсон аймшигт осол 2016 оны наймдугаар сарын 5-ны 20.00 цагийн үед гарсан. Түүнээс хойш хоёр жил өнгөрсөн ч ослын шалтгааныг эцэслэн тогтоож, буруутныг яллаагүйд хохирогчдийн ар гэрийнхэн гомдолтой байгаагаа өчигдөр мэдээлэв. Тухайн өдөр осолдсон машинд жолооч Х.Пүрэвсайхан, түүний хоёр хүүхэд, хадам аав, ээж, мөн хадам эгч нь хүүхэдтэйгээ явжээ.
Ослын талаар талийгаачийн эгч Х.Алгирмаа “Миний дүүг Төв аймгийн Аргалант сумын нутагт замын I эгнээгээр явж байхад нь “Тоёото Ланд круйзер 100” маркийн автомашин гүйцэж түрүүлэхдээ замын хажуу руу шахсаны улмаас онхолдож, эсрэг урсгал руу орсон байсныг нь “Тоёото Ланд круйзер 200” маркийн автомашин мөргөснөөр гал гарч, долоон хүн амиа алдсан гэдгийг гэрч А.Солонго мэдээлсэн” гэлээ.
Эл хэргийн мөрдөн байцаалтыг Төв аймгийн поркурорынхон хянаж байсан бөгөөд осол болсноос гурав хоногийн дараа замын камерын бичлэгийг шалгахаар очиход “Тэр өдөр цахилгаан тасарсан байсан тул бичлэг байхгүй” гэж хариулжээ. Цахилгаан тасарсан, эсэхийг Төв аймгийн Цахилгаан түгээх сүлжээнээс тодруулахад “Цахилгаан тасраагүй” гэдгийг нь гэрчилсэн аж. Өнгөрсөн хугацаанд дээрх хэргийг гурван удаа хаасан бөгөөд бүгд “Талийгаач эмэгтэйн буруу” гэсэн дүгнэлт гаргасанд ар гэрийнхэн нь гомдолтой байгаа. Осол болсноос нэг жилийн дараа буюу 2017 оны есдүгээр сарын 29-нд хэргийн гол буруутан гэх Ө.Цэцэгшагдарыг олсон.
Тэрбээр мэдүүлэг өгсөн бөгөөд порукрорынхон түүний ярьсанд үндэслэн хэргийг хааж байгааг хохирогчдийн ар гэрийнхэн хүлээн зөвшөөрөхгүй гэв. Талийгаач эмэгтэйн ээж Ц.Бат-Өлзий “Хэргийн гол гэрчийн мэдүүлгийг авч үзээгүй байж өөрийгөө өмөөрч ярьсан сэжигтний ярианд үндэслэн хэргийг хаалаа. Бид энэ хэргийг Нийслэлийн поркуророор хянуулах хүсэлтэй байна” гэв. Мөн “Ө.Цэцэгшагдарын эхнэр осол болсны дараа машинаасаа буугаад “Би чамд хэлсэн биз дээ. Чи хүн алчихлаа” хэмээн нөхөр рүүгээ хашхирч байсан. Машин шатаж эхлэхэд Ө.Цэцэгшагдар хэргийн газраас зугтсан гэдгийг гэрч хэлсэн” гэсэн юм.