ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийв. Тус газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Батзориг “Энэ сарын 27-ны байдлаар сүлжээний луйврын 19 хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Эдгээрт 17 мянга орчим хүн элссэнээс одоогийн байдлаар 39-хөн хүн хохирогчоор тогтоогдоод байна. Сүлжээний залилангаас сэргийлэх талаар цагдаагийн байгууллага олон нийтэд 110 удаа сэрэмжлүүлэг хүргэсэн.
Гэвч иргэд ийм луйварт итгэн, элсэж хохирсоор байна. Ах дүү, найз нөхдөө элсүүлж, өөрөө ч мэдээгүй байхад иргэний үнэмлэхээр нь бүртгүүлэн, мөнгө тушаасан тохиолдол гарсан. Энэ төрлийн гэмт хэргийн сүлжээнд бэлэн мөнгөөр бүртгүүлж, бүү элсээч” гэлээ. МБА-ны ахлах мөрдөгч, хошууч Б.Эрдэнэдэлгэр “Stamford” сүлжээний бизнестэй холбоотой 14 хэрэг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн. 39 хүн хохирсон хэмээн мэдүүлэг өгөөд байна. Мөрдөн байцаалт эхлээд удаагүй учраас хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй” гэв.
Мөн энэ үеэр хичээлийн шинэ жилтэй холбогдуулан “Улсын их, дээд сургуульд элсэлтийн шалгалтгүй оруулж өгнө”, “Оюутны байранд үнэ төлбөргүй оруулна” гэж иргэдийг залилах хэрэг нэмэгдэж буйг цагдаагийнхан анхаарууллаа. Архидан согтуурч эрүүлжүүлэгдсэн залууст Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах бөгөөд тухайн сургуульд нь албан мэдэгдэл хүргүүлэхээ ЦЕГ-аас сануулав.
Бэлтгэсэн: Ч.Болор