Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх сард болох Либерал-ардчилсан намын даргын сонгуульд нэрээ дэвшүүлэхээ албан ёсоор мэдэгдэв. Хэрэв тэрбээр энэ сонгуульд ялбал эрх баригч намын тэргүүнээр гурав дахь удаагаа ажиллана гэж NHK телевиз мэдээллээ.
Өнгөрсөн онд ээлжит бус сонгууль явуулахад Японы ард түмний дийлэнх олонхын дэмжлэгийг авсан бөгөөд иргэддээ хариулах хариуцлага хүлээснээ Ш.Абэ сэтгүүлчдэд хэлсэн байна. “Дараагийн хэдэн жил Япон улс түүхэн эргэлтийн цэгт очно” гэж тэрбээр тэмдэглэлээ. Тодруулбал, эзэн хаан нь сэнтийгээ шилжүүлж, тус улсад “Их-20”-ийн бүлгийн орнуудын дээд хэмжээний уулзалт болно. Мөн 2020 онд Токиод олимп болон паралимпийн наадам болох юм. Шинэ эзэн хааны эринд шинэ улсаа эмхлэх үйл хэргийн удирдагч байх шийдвэр төгс буйгаа Ш.Абэ илэрхийллээ.
Үүний сацуу Японы Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн жил тутмын байлдааны буудлага Фүжи уулын хормойд болов. Түүнд саяхан байгуулагдсан тэнгисийн десантын бригад анх удаа оролцжээ. Тус улсын төв хэсэгт орших Шизүока муж дахь Хигаши Фүжи цэргийн сургуулилалтын талбайд болсон арга хэмжээнд цэргийн 2400 орчим алба хаагч, хуурай замын байлдааны 80 орчим техник, 20 орчим нисэх онгоц оролцсон байна.
Японы баруун өмнөд хэсэг дэх алслагдмал арлуудад халдлага үйлдсэн үед авах арга хэмжээг сургуулилалжээ. Энэ үеэр гурван сая 500 мянган ам.долларын 36 тонн сум, хэрэгсэл ашигласан байна.