Энэтхэгийн өмнөд нутгийн Керала мужид усархаг бороо үргэлжлэн орж, үер буусны улмаас нэг сая гаруй оршин суугч орон гэрээ орхиж, дүрвэгсдэд зориулсан хуаранд байрлав. Байгалийн энэ гамшгийн үеэр 410 хүн амиа алдсан гэнэ. “France-presse” агентлагийн тодруулснаар одоогийн байдлаар 1.028 сая хүн 3200 гаруй тусгай хуаранд шилжин оржээ. Үүний сацуу хэдэн мянган хүн үерт автсан дүүргүүд дэх сууцандаа байсаар байна. Тэдний олонх нь орон гэрээ орхихыг хүсэхгүй, ус, хүнс нийлүүлэхийг хүсэж буй гэнэ.
Үерт автсан газруудад тогтсон ус 60 см гүн байна. Хүчтэй биш ч бороо үргэлжлэн орсоор байгаагийн улмаас автомашины хөдөлгөөн зогсчээ.
Кералад борооны улирал зургадугаар сараас эхэлсэн бөгөөд энэ сарын 8-наас их хэмжээний тунадас унасан байна. Усны түвшин ч урьдын адил нэмэгдсэн гэнэ. Чалакуди, Триссур зэрэг хот үерт бараг бүрэн автаж, тус мужийн хамгийн том нисэх буудал хаагдахад хүрчээ.
Энэтхэгийн эрх баригчдын тооцоолсноор энэ оны борооны улирлын бороо сүүлийн 100 жилийн хугацаанд хамгийн хүчтэйд тооцогдов. Тус улсад борооны улирал есдүгээр сарын хүртэл үргэлжилдэг. Өнгөрсөн хугацаанд тус улс даяар нэг сая орчим хүн амиа алджээ.