Индонезийн нийслэл Жакарта хот 10 сая гаруй оршин суугчтай. Энэ хот дэлхийн хамгийн хурдацтай живж буй газруудын нэг. Яаралтай арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд Жакартагийн зарим дүүрэг бүхэлдээ усанд автана гэж судлаачид үзэж байгааг ВВС уламжиллаа.
Гэхдээ ямар нэг юм хийхэд хэтэрхий оройтсон байж ч болох. Жакартаг Ява тэнгисийн намгархаг хөрсөн дээр босгосон бөгөөд тус хот дундуур 13 гол, мөрөн урсдаг. Тиймээс Индонезийн нийслэлд байнга үер буудаг. Байдал жил ирэх тусам муудсаар. “Хот үндсэндээ газрын хөрснөөс арчигдаж байна. 2050 он гэхэд Жакартагийн хойд хэсгийн 95 хувь нь усан дор орно” гэж Бандунгийн технологийн хүрээлэнгийн судлаач Хери Андреас нотолжээ.
Жакартагийн хойд хэсэг үнэндээ хэдийн живж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд усны түвшин 2.5 метрээр дээшилж, зарим дүүрэгт уг үзүүлэлт жилд 25 сантиметрээр нэмэгдэх болов. Хотын бараг тал хувь нь одоо далайн түвшний дор оржээ. Тухайлбал, Муара-Бару дүүргийн оффисын барилгын нэгдүгээр давхар усанд автсан бөгөөд зайлуулах аргагүй. Хажууханд нь загасны зах. Зам харгуй гэх юмгүй цэлийсэн ус л байна. Жакартагийн хойд хэсэг нь түүхэн боомт хот байсан бөгөөд өдгөө тэнд Индонезийн түм түжигнэсэн Танжунг Приок боомт оршдог. Ява тэнгис рүү цутгадаг Силивунг голын адаг хэсгийн стратегийн байршил нь Нидерландын колоничлогдод XVII зуунд суурин барих санаа төрүүлжээ.
ХӨРСНИЙ УС
Боомтыг тойроод өдгөө хоёр сая орчим хүн аж төрж байна. Тэдний олонх нь жил бүр гэртээ засвар хийдэг. Учир нь нэгдүгээр давхарт нь усны түвшин нэмэгдсэний улмаас орон сууцнуудад ан цав үүсдэг аж. Энэ бүхэн барилгачдыг бараг түгшээхгүй байна. Тансаг орон сууцнууд энэ бүх эрсдэлийн хажуугаар сүндэрлэсээр буй. Жакартагийн баруун хэсгийн газар жилд 15, зүүн нь 10 сантиметрээр усанд автаж байна.
Тус хот усанд автаж буйг зарим талаар ундны болон ахуйн зорилгод ашиглахаар хөрсний ус татаж буйгаар тайлбарладаг. Ус дамжуулах хоолойн ус олонх дүүрэгт хүрэлцдэггүй, эсвэл хэрэглэхэд тохиромжгүй байдаг. Тиймээс хүмүүс гүний худаг гаргадаг аж. Гүний ус татсаны улмаас хөрс сууж эхэлдэг гэнэ. Оршин суугчид хэрэглээнээсээ хэт их хэмжээний гүний ус татдаг гэж Хери Андреас ярьжээ. Харин эрх баригчдаа хэрэглээний усаар хангах чадалгүй гэсэн тайлбарыг иргэд нь өгдөг байна.
БАЙДЛЫГ ХЭРХЭН ЗАЛРУУЛАХ ВЭ
Индонезийн эрх баригчид Жакартаг тойруулан барьж буй 17 хиймэл арал бүхий 32 км урт далан тус хотыг усанд автахгүй байхад туслах гэнэ. 40 тэрбум ам.долларын төслийг Нидерланд, БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд далайн хиймэл булан бий болох бөгөөд тэнд усны түвшнийг бууруулж болох гэнэ.
Гэвч өнгөрсөн онд Нидерландын төрийн бус байгууллагууд энэ төслийг үр ашигтай гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсэн илтгэл тавьжээ. Уг баримт бичигт дурдсанаар төслийн хүрээнд барьж буй далан болон булан Жакартаг живэхээс түр зуур хамгаалахаас биш найдвартай арга биш гэсэн байна. Илтгэл бэлтгэсэн хүмүүсийн үзэж буйгаар хөрсний усыг хаа сайгүй татдагийг болиулах, бусад эх үүсгүүрийн усыг ашигладаг болох нь усанд автахаас аврах цорын ганц хувилбар гэнэ.
ГАЗАР ХӨДӨЛЖ, 575 ХҮН АМЬ ЭРСДЭВ
Индонезийн Ломбок аралд газар дараалан хүчтэй хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 575-д хүрч, 1500 орчим хүн гэмтсэн тухай тус улсын Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх агентлагаас мэдээллээ. 390 мянга гаруй иргэн орон гэргүй болж, дүрвэгсдийг хүлээн авах түр төвүүдэд байрлажээ.
Тус улсын хойд нутгийн Ломбок хотод өнгөрсөн сарын 29-нөөс газар хүчтэй хөдөлж эхлэн, наймдугаар сарын 5-нд хамгийн их уршиг дагуулсан 6.9 баллын хүчтэй хөдлөлт болсон юм. Байгалийн энэ гамшигт гадаадын жуулчдын хамгийн сайн мэдэх Бали арлын зарим хэсэг өртжээ. Урьдчилсан мэдээгээр эдийн засагт 348 сая ам.долларын хохирол учирсан байна.
Индонезийн Суматра арлаас холгүй орших Энэтхэгийн далайд 2004 оны арванхоёрдугаар сарын эцсээр газар хүчтэй хөдөлж, орчин үеийн түүхэнд хамгийн их уршиг дагуулсан цунами болсон билээ. Тэр үед Индонез, Энэтхэг, Тайланд, Шри-Ланка зэрэг улсад 220-300 мянган хүн амиа алдсан юм.