БНАСАУ-д энэ долоо хоногт хийхээр төлөвлөсөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн айлчлалыг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп цуцалсан нь БНСУ-ын албаны хүмүүсийг цочирдуулжээ. Д.Трамп шийдвэрээ твиттэртээ бичихээс өмнө өмнөд солонгосчууд уг мэдээллийг авсан бололтой гэж CNN дипломат эх сурвалжуудаас эш татан мэдээлэв.
Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцад хангалттай ахиц гарахгүй байна хэмээн Вашингтон үзэж байгаа учир БНАСАУ-д хийх айлчлалаас татгалзахыг М.Помпео Ерөнхийлөгчөөсөө өмнө нь хүсэж байсан гэнэ. Төлөвлөсөн ёсоор бол Помпео энэ долоо хоногт Пёньянд айлчилсныхаа дараа Японд очиж, Гадаадын хэргийн сайд Таро Конотой хэлэлцээ хийх ёстой байсан юм.
Үүний сацуу “Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар Пёньянтай Вашингтоны хийж буй хэлэлцээнд Хятад улс нөлөөлсөн хэмээн АНУ мэдэгдсэн нь үнэн бодит байдалд нийцэхгүй, хариуцлагагүй үйлдэл” гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лу Кан мэдэгдэлдээ дурджээ. Тус бүс нутгийн цөмийн асуудлаарх Хятадын байр суурь ил тод болохыг Лу Кан онцлов. “Бид Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болж, энх тайван, тогтвортой байхыг дэмжиж байгаагийн сацуу асуудлыг яриа хэлэлцээ хийж, зөвлөлдөх аргаар шийдэхийн төлөө байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Оролцогч бүх тал асуудлыг улс төрийн арга замаар шийдвэрлэхийг дэмжиж, биенийхээ түгшиж буй зүйлийг харгалзан үзэж, чин сэтгэлээсээ, уян хатан байж, тууштай бус, буруугаа бусдад нялзаахгүй байхыг БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч уриллаа. Хятадын тал Солонгосын хойгийн асуудалд оролцогч бүх талтай харилцаатай байж, цөмийн зэвсгээс ангижруулах, Зүүн хойд Азид урт удаан энх тайван байдал тогтоох зорилгод нааштай үүрэг гүйцэтгэх болно гэж Лу Кан н тэмдэглэв.
СОЛОНГОСЫН ХОЙГИЙН ЭРГЭН ТОЙРОНД