Узбекистаны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ислам Каримовын нэрийг эфирт дурдахгүй байх тушаалыг одоогийн ерөнхийлөгч Шавкат Мирзиеевийн зөвлөх Хайриддин Султанов Үндэсний телевизийн бүх сэтгүүлчдэд өгчээ. Хэрэв тушаалыг зөрчвөл “Толгойг нь авна” хэмээн заналхийлсэн тухай Узбекийн “Озодлик” радио мэдээлэв. Ийм мэдээллийг Үндэсний телевизийн зарим сэтгүүлчид мөн түгээлээ. Тэдний хэлж байгаагаар Каримовын нэрийг дурдахаа зогсоож, Мирзиеевыг байнга онцолж байх үүргийг сарын өмнө өгсөн гэнэ. Каримовын амжилт, намтраас гадна түүний зургийг гаргах, дурсгалт хөшөөнийх нь тухай мэдээлэхийг ч хориглосон байна. Мөн түүний хэлсэн үгийн ишлэл, уриа лозунг бүхий самбаруудыг устгах үүргийг Гар бичвэрийн хүрээлэнгийн удирдлагад өгсөн гэнэ.
Үүнээс өмнө буюу энэ сарын 20-нд Каримовын дүрстэй бэлэг, дурсгалын эд зүйлсийг хураан авч, наймаачдад мөнгөн торгууль хүлээлгэсэн байна. Узбекистаны ерөнхийлөгчөөр 1991 онд сонгогдсон Ислам Каримов насан эцэслэх хүртлээ улсаа тэргүүлж байв. 2017 онд түүний дурсгалд зориулж Ташкент хотноо хөшөө босгож, 2018 онд мавзолей байгуулж байжээ.