Д.Дайчин
ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн дуулиан намжаагүй байхад цагдаагийн халамцуу ахлах офицерууд нэгнийхээ нүүрэнд “тэмдэг” тавьжээ. Бидэнд олдсон мэдээллээр, Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийнхэн энэ сарын 18-нд Төр хурахын ам, Хөлийн голын хөвөөн дэх амралтад амарчээ.
Тэр үдэш галын наадам хийж, түүдэг асааж. Энэ үед хэлтсийн дарга, хурандаа Ц.Ариунбат “Миний зөвшөөрөлгүй галаа асаалаа” хэмээн цамнаж, Гачуурт дахь хэсгийн дарга, хошууч Данзанравжаа руу агсамнасан аж.
Энэ үед хошууч нь “Ажлын цагаар ч, амралт зугаалгын үед ч аятайхан амарч чадахгүй дарамталлаа” хэмээн хурандаа Ц.Ариунбатыг шанаадсан байна. Цагдаагийн хэлтсийн даргын удаа дараагийн дарамт, шахалт хошууч цолтныг ийнхүү гэнэт тэсрэхэд хүргэсэн бололтой. Үүнийг цагдаагийнхан ихэд нууцалж буй бөгөөд сайд, дарга нарынхаа чихэнд хүрчих вий хэмээн нэлээд болгоомжилж байгаа гэнэ.