Хорих нөхцөл тааруу, хөдөлмөрийн хөлсийг нь бараг өгөхгүй байгааг эсэргүүцэн АНУ-ын 17 муж улсын шоронгийн хоригдлууд 19 хоног ажил хаялт зарлажээ. Тус улсын шоронгийн түүхэн дэх хамгийн том ажил хаялт болж магадгүй байгаа уг ажиллагааны үеэр хоригдлууд заавал хийх ёстой ажилдаа гарахгүй, засан хүмүүжүүлэх байгууллагуудын асуудалд олны анхаарлыг татахын төлөө өлсгөлөн ч зарлах бодолтой байна.
“Jailhouse lawyers speak” гэдэг бүлэг өнгөрсөн долоо хоногоос шоронгуудын хоригдлуудад уриалга гаргасан аж. Уг ажиллагаанд оролцогч хоригдлууд ийм аргаар бусад ял эдэлж байгаа хүмүүст зөвлөгөө өгч, хууль зүйн дэмжлэг үзүүлэх гэнэ.
Америкийн шоронгуудад 2.3 сая орчим хоригдол байдаг. Хорих өрөөнүүд ихэвчлэн хэт олон хүнтэй, ажилтан нь хүрэлцдэггүй аж. Өдөр бүр 800 мянга орчим хоригдол албадан хөдөлмөр эрхэлж, цагт хамгийн бага буюу 0.04-1.15 долларын хөлс авдаг. Үүнийг орчин үеийн боолчлол хэмээн хүний эрх хамгаалагчид үзэж байна.
Ажил хаялтаа ирэх сарын 9-нд дуусгахаар зарласан нь тохиолдлын хэрэг биш гэнэ. Энэ өдөр 1971 онд Нью-Йорк муж улсын хойд нутгийн шоронд бослого гарч, 43 хоригдол амь эрсдэж байжээ. Тэр үед ч хоригдлууд одоогийнх шиг орчин нөхцөлөө сайжруулахыг шаардаж, эрхээ хамгаалан тэмцсэн гэнэ.