...В.Путин, А.Меркель нар уулзсаныг Москватай хэвийн харилцаагаа сэргээхийн бэлгэ тэмдэг хэмээн германчууд хүлээн авлаа гэж Польшийн “Wirtualna Polska” цахим хуудсанд бичжээ. Тусгаарлах эрин үе дууслаа. Нөлөө бүхий урьдын анддаа бүрэн найдаж болохгүйг ойлгосон европчууд АНУ-гүйгээр туулах дэлхий ертөнцийн тухай бодож эхлэв. Ийм нөхцөлд ОХУ-тай хэлхээ холбоогоо хэвийн болгох нь зүйтэй бөгөөд стратегийн эрх ашиг ч ийм алхам хийхэд хүргэж байна...
Германы Канцлер Ангела Меркель, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар хэлэлцээ хийсэн нь Оросыг бүслэн хаасан үе төгссөнийг, АНУ-ын талаарх Берлиний байр суурийг илтгэсний сацуу Польшид сэрэмжлүүлэх дохио болжээ. Мезеберг өргөөнд удирдагч нар албан ёсны тодорхой шийдвэр гаргаагүй. Гэхдээ хэлэлцээний үеэр хэлсэн үгийн өнгө ая, хөндсөн сэдвүүд болон дотно хэлэлцээ нь Оростой харилцах шинэ эрин эхэлж буйг харууллаа.
БҮСЛЭН ХААЛТ ДУУСАВ
“Энэ уулзалтыг зохион байгуулсан нь өнөөгийн хөрсөнд шингэсэн XIX зууны үеийн дипломат бодлогыг санагдууллаа. Мэдэгдэл хийснийхээ дараа тэд гурван цаг хаалттай хэлэлцсэн. Гаргасан шийдвэрийнхээ талаар мэдээлээгүй. Оросын талтай хэлэлцээ хийх талаар Меркель ярихдаа тийм шаардлага бий бөгөөд байнга хийх болно хэмээн онцлон тэмдэглэв. Үүнийг Москватай хэвийн харилцаагаа сэргээхийн бэлгэ тэмдэг хэмээн Германы ажиглагчид хүлээн авсан. Бүслэн хаалтын эрин дууслаа” гэж Гданьскийн их сургуулийн дипломат бодлогын түүхийн шинжээч Януш Сибора ярьжээ.
Бранденбург дэх Засгийн газрын өргөөнд болсон уулзалтад хоёр хүн оролцсон ч гол баатар нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп байв. Путин, Меркель нарын уулзалт нь тухайлбал, Атлантын далай дамнасан холбооны үндэс суурийг ганхуулсан Америкийн бодлогын ул мөр гэж Польшийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал асан Марчин Заборовский тэмдэглэсэн байна.
“В.Путин, А.Меркель нар уулзсаныг Москватай хэвийн харилцаагаа сэргээхийн бэлгэ тэмдэг хэмээн германчууд хүлээн авлаа гэж Польшийн “Wirtualna Polska” цахим хуудсанд бичжээ. Тусгаарлах эрин үе дууслаа. Нөлөө бүхий урьдын анддаа бүрэн найдаж болохгүйг ойлгосон европчууд АНУ-гүйгээр туулах дэлхий ертөнцийн тухай бодож эхлэв. Ийм нөхцөлд ОХУ-тай хэлхээ холбоогоо хэвийн болгохоор хандах нь зүйтэй бөгөөд стратегийн эрх ашиг ч ийм алхам хийхэд хүргэж байна. Харилцаагаа бүрэн хэвийн болгоогүй. Тавьсан хоригоо цуцлах тухай хэн нь ч ярьсангүй. Эдгээрийг шийдэх гол хүч Германд бий” гэж Заборовский тэмдэглэв.
ДОНАЛЬД ТРАМПЫН ТАЛААРХ АНГЕЛА МЕРКЕЛИЙН ҮЗЭЛ БОДОЛ
Сириэс (энэ орны талаар АНУ-гүй, гэхдээ Франц, Германы оролцоотой шинэ хэлбэрээр хэлэлцээ хийх боломжийг Путин, Меркель нар хэлэлцжээ) эхлээд Украин (НҮБ-ын энхийг сахиулагчдыг тийш нь хэтдээ оруулах талаар ярьсан) хүртэл янз бүрийн сэдэв Мезебергт хөнджээ. Америкийн хувьд хамгийн гол дохио нь “Умардын урсгал-2” төслийг хэлэлцсэн явдал байв. Хий дамжуулах энэ хоолой хэдийнээс Америкийн засаг захиргааны анхаарлын төвд байсаар ирсэн. Тэд өөрсдөө Европ руу хий дамжуулахыг хүсэж буй. Энэ төсөлд оролцож буй компаниудад Америкийн хориг арга хэмжээ заналхийлж байна.
НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Трамп Берлиний байр суурийг Оросын барьцааны этгээд болсон хэмээн эрс шүүмжилжээ. Марчин Заборовскийн үзэж буйгаар эдгээр тайлбар уг төслийн цаашдын хувь заяаг эцэслэн тодорхойлно. “Үнэн хэрэгтээ юу ч өөрчлөгдсөнгүй. Төсөлд оролцохоос германчууд татгалзахгүй гэдэг нь хэдийн тодорхой болсон. Энэ байр сууриа өөрчилнө гэсэн найдлагыг Трампын мэдэгдэл тасаллаа. Үүнийг Германы олон нийт үзэн яддаг Ерөнхийлөгчийнхөө шахалтаар бууж өгсөн алхам боллоо хэмээн үзэж байна” гэж шинжээч онцолжээ.
ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ ЮҮ
Герман, Оросын удирдагчдын уулзалтын талаарх байр суурь өөр өөр байна. Мезебергт бодитой өөрчлөлт болоогүй хэмээн “Европын олон улсын харилцааны зөвлөл” хэмээх дүн шинжилгээний төвийн ажилтан Густав Грессель үзэж байна. “2014 оноос хойш ярьснаа л Меркель Путинд давтлаа. Украин зэрэг чухал асуудлын талаарх Оросын Ерөнхийлөгчийн байр суурийг Канцлер тодруулсангүй.
Сирийг сэргээн босгоход зориулж Башар Асадад мөнгө өгөхийг ОХУ европчуудад уриалсан бол Меркель биелшгүй болзол тавьжээ. Тодруулбал, Үндсэн хуулиа шинэчлэх, чөлөөт сонгууль явуулах тухай ярьсан байна. Путинтэй тохиролцож, хамтран ажиллахыг санал болгосон ч амжилт олсонгүй хэмээн хэлэх боломж олгож буйгаараа Меркелийн тактик ашигтай. Тийнхүү тэрбээр баруунынхан болон Путинийг дэмжигчдийн шүүмжлэлээс өөрийгөө хамгаалах юм” хэмээн Грессель тайлбарлав.
Герман, АНУ-ын хооронд үүссэн санал зөрөлдөөн, тэрчлэн АНУ-д найдаж болохгүй тухай Меркелийн хэлсэн үг нь юуны түрүүнд Германы олон нийтийн санаа бодлын тусгал юм гэж шинжээч дурдлаа. “Германы элитүүд 2003 оных шиг Америкийн эсрэг олон нийтийн бодлыг дэмжихгүй байна. Стратегийн бие даасан байдал хэтэрхий үнэтэй болохыг эрх баригчид нь ухамсарлаж байгаа бөгөөд ийм үнийг Берлин төлөхийг хүсэхгүй. Нөгөө талаар Америк бол зөвхөн Трамп биш гэдгийг ойлгож байна. Тиймээс тус улстай холбоотой асуудлуудыг тойрон өнгөрч, эсвэл байдал өөрчлөгдтөл хүлээж болох юм” гэж Грессель дүгнэн хэлжээ.
ПОЛЬШИЙН БАЙР СУУРЬ
Путин, Меркель нарын уулзалт Польшийн хувьд юу илтгэх вэ? Герман, Оросын харилцаа ямар ч байдлаар ойртох, ялангуяа прагматизм, улс төрийн реализм дээр үндэслэсэн бол сөрөг үр дагавартай. Байдал ингэж өөрчлөгдөхөд Польш бэлэн бус байсан нь үүссэн нөхцөл маш таагүй харагдаж байна. “Энэ бол бодлогоо эргэн авч үзэх цаг болсныг анхааруулсан түгшүүрийн дохио юм. Манай зүүний бодлого хэрхэн харагдаж буйг хэн ч одоо мэдэхгүй. Герман болон бусад улс Путинтэй хэлэлцээ хийж байхад бид хийсэнгүй” гэж Гданьскийн их сургуулийн дипломат бодлогын түүхийн шинжээч Януш Сибора хэллээ.
“Эрх баригч баг гадаад бодлогоо дотоод улс төрийн зорилтод хамаатуулжээ. Бид Оростой ямар ч хэлхээ холбоогүй, сүйрсэн онгоцныхоо сэгийг Варшавт буцаан өгөхийг шаардах, нөгөө талаар Орос бол манай анд нөхөр болох ёстой сайхан улс. Энэ бүхэн юунд хүргэхийг хэлэхэд хэцүү юм” гэж Польшийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал асан Марчин Заборовский үзэж байна.
Сүүлийн хагас жилийн хугацаанд Путин, Меркель нар хоёр дахь удаагаа ийнхүү уулзлаа. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын дундуур Германы Канцлер ОХУ-ын Сочи хотод очсон. Үүний дараа тэрбээр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, армийн генерал Валерий Герасимов нартай уулзаж, Сири, Украины байдлыг хэлэлцсэн. Ийнхүү өндөр түвшинд яриа хэлэлцээгээ идэвхжүүлж байгаа нь Крымийг бүрэлдэхүүндээ нэгтгэсний улмаас тус хоёр орны харилцаа олон жил хөндийрсний дараах өнөөгийн геополитикийн байдал дипломат харилцаагаа хэвийн болгоход тус дөхөм болж буй илрэл юм.
“Прагматик яриа хэлэлцээгээ сэргээсэн нь Герман, Оросын хооронд стратегийн шинэ түншлэл бий болсон хэрэг биш. Гэхдээ Дональд Трампын дарамт шахалтад бууж өгөхгүй гэсэн дохиог хоёр удирдагч Вашингтонд өгөхийг хүсэж байна” гэж Германы гадаад бодлогын DGAP нийгэмлэгийн шинжээч Штефан Майстер үзэж буй юм.