ХХ зууны агуу теннисчдийн нэг бол Жимми Коннорс юм. Тэрбээр ухаан зарж тоглодгоороо шагшигдсан бөгөөд энэ чанарынхаа туршламжтайгаар хамаг ялалтаа байгуулсан билээ. 1952 оны есдүгээр сарын 2-нд АНУ-ын Дорнод Сент Луис хотод мэндэлсэн тэрбээр дэлхийн чансааг дараалан 160 долоо хоног тэргүүлсэн хосгүй амжилтыг байгуулсан төдийгүй теннисийн хамгийн өндөр зэрэглэлийн “Их дуулга”-гийн тэмцээнүүднд наймантаа түрүүлсэн бахдам ажмилтыг бүтээсэн. Үүний дээр хос төрөлтөөр хоёр ч цом хүртэн зөвхөн ганцаарчилсан төрлийн мастер биш гэдгээ харуулжээ. Иймийн учир теннисний ертөнцөд мэндэлсэн агуу хүмүүсийн нэгээр зүй ёсоор тооцогддог.
Агуу гэж өргөмжлөхөд хүргэсэн өөр нэг баримт бол бүх төрлийн хучилттай талбайд жигд амжилт гаргадаг чадвар юм. Тиймээс Австрали, Америк болон Британийн нээлттэй тэмцээнд аваргалсан байна. Харин “Ролан Гаррос”-т түрүүлж чадалгүй байсаар их спортоо орхисон билээ. Гэвч түүний замнал дардан эхэлсэнгүй. 1970 онд мэргэжлийн теннист хөл тавьсан атлаа 1972 онд этгээд шийдвэр гарган олны гайхлыг барав. Тэр жил бүх теннисчид шинээр байгуулагдсан АТР-гийн гишүүн болж байхад Коннорс зөрүүд зан гарган WTT-гийн тэмцээнд тоглохоор шийджээ. Үүнийхээ “шанд” Францын нээлттэй тэмцээнд оролцох эрхгүй болж байжээ. Ганц нэг жил ч биш, бүр 1974-1978 онд бүтэн дөрвөн жилээр оролцох боломжгүй болсон байна. Т
эглээ гээд сэтгэлээр унасангүй. Бусад “Их дуулга”-уудад амжилттай тоглон нэг бус түрүү авлаа. Өрсөлдөгчдөөсөө эрс илүү болох нь ч олонд харагдаж байв. Гэтэл энэ үед айхтар хоёр учраа төрөн гарлаа. Тэд бол Бьорн Борг, Жон Макинрой юм. Хожим тэдний эгнээнд Иван Лендл нэгдсэн. Коннорс нас ахисан ч гэлээ залуу өрсөлдөгчидтэйгээ ана мана үзэлцэн цөөнгүй тэмцээний түрүүг тэднээс булаан авч байлаа. Тухайлбал, 1982 оны “Уимблдон”-ы дуръя. Тэрхүү тэмцээнд америк эр өрсөлдөгчдөө хожсоор шувтаргад Макинройтой таарсан. Ирээдүйн од хэмээн магтагдсан нутаг нэгт тамирчинтай Жимми таван сетийн турш үзэлцэж оччихоод “Харих болоогүй шүү” хэмээн өөрийг нь шүүмжилж, басагсдад хандан хэлсэн гэдэг. Тэгвэл 1982 оныхоо тэр жилийн Америкийн нээлттэй тэмцээнд бүр ч их хүчийг агуулсан Лендлийг буулган авч мандлаа.
Тэрбээр чех гаралт америк учраадаа довтлох боломж олголгүй тоглосоор ялсан байна. Дараа жил нь Лендлийг дахин хожин трүүлсэнээр “Их дуулга”-ын түүхт найм дахь түрүүгээ авсан юм. 1991 онд 39 насандаа “US Open”-ы хагас шигшээ шалгарсан гэхээр Коннорс ямархуу уртай, шөрмөстэй тамирчин байсан нь харагдаж байна. Түүнчлэн 1337 тоглолтод хожсон үзүүлэлтээс ямар агуу тамирчин болохыг нь шинжиж болно. Теннисний ертөнцийн нээлттэй эринд энэхүү дээд амжилтыг эвдэх чадалтай хүн төрөөгүй л байна. дээрх үзүүлэлтийг 285 ялагдалтай нь харьцуулваас тэрбээр бүх тоглолтынхоо 82.4 хувьд ялалт байгуулжээ. Үүнийг давах эр мөн л байхгүй байгаа. Харин Фабрис Санторо түүний нэг рекордыг эвдсэн. Хамгийн олон тэмцээнд буюу 401 тэмцээнд оролцсон Коннорсын дээд амжилтыг шинэчилсэн түүхтэй.
Жимми бараг бүх теннисчдээс биеэр жижиг ч гэлээ тэргүүн шугамд маш сайн тоглодог байв. Дээр нь хурдтай байсан учир авахгүй бөмбөг, хаахгүй довтолгоо гэж бараг байгаагүй гэдэг. Бөмбөг хүлээн авах тал дээр ярилтгүй. Хүчтэй давуулалттай хэнбугайн ч цохилтыг босгоод ирэхийг нь цээжээр мэддэг спортын сэтгүүлчид түүнийг хэнтэй, юутай зүйрлэхээ олохгүй суудаг байв. Гэвч тэрбээр өндөг шиг өөгүй байгаагүй. Түүний хамгийн том хоёр сул тал бол зөрүүд зан, хэрүүлч араншин. Жимми зөрүүдээсээ болж тоглохоо эрхээ хасуулсанаар “Ролан Гаррос”-т түрүүлэх хайран сайхан он жилүүдээ алдсан бол хэрүүлч зандаа хөтлөгдөн талбайн шүүгчээс өгсүүлээд холбооны удирдлагатай хүртэл хэрэлддэг байв.
Коннорс спортоо орхисноосоо хойш янз бүрийн ажил эрхэлсэн бөгөөд үүнээс онцлууштай нь теннисний тайлбарлагч юм. Үүгээр олон жил оролдоогүй ч хүч сорьсон цөөн жилийн хугацаанд сэтгүүл зүйн салбарт нэрээ мөнхлөөд амжсан. Тухайлбал, ВВС телевизэд Жон Макинройн хамтаар “Уимблдон”-ыг тайлбрлаж байхдаа хамтрагчтайгаа гал манарсан мэтгэлцээн өрнүүлдэг байв. Талбай дээрх мөнхийн дайснуудын хэрүүлийг сонжих гэж олон хүн BBC телевизийг үздэг байсан гэдэг. Түүнийг алдаршуулсан өөр нэг ажил бол дасгалжуулагч байлаа. Жимми олон шавь бэлтгээгүй ч бэлтгэсэн ганц сурагч Энди Роддикоо Америкийн нээлттэй тэмцээний аваргалуулан шинэ замаар алдрын оргилд дахин гаргасан билээ.