Иран болон Сири ойрын өдрүүдэд стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулах юм. Уг баримт бичгийг өнгөрсөн долоо хоногт Ираны Засгийн газрын төлөөлөгчид Дамаск хотод айлчлахдаа хэлэлцжээ. Сирийн эдийн засгийг сэргээхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийн төлөө Тегеран өрсөлдөж буй аж. Шинжээчдийн үзэж байгаагаар Сирийн байдал хэвийн болохын хэрээр бусад улс, тухайлбал, ОХУ тэндээс Тегераныг шахан гаргахыг оролдоно хэмээн Ираны эрх баригчид болгоомжилжээ.
Сирийн Ерөнхий сайд Имад Хамис, Ираны Ерөнхийлөгчийн нэгдүгээр орлогч Исхак Жахангири нар удахгүй болох эдийн засгийн хамтын ажиллагаа талаарх өндөр түвшний комиссын хуралдааны үеэр хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурна гэж IRNA агентлаг мэдэээллээ. Хоёр тал банк, гааль, аж үйлдвэрийн салбар, мэдээлэл технологи, жижиг, дунд үйлдвэр байгуулах, усан хангамжийн сүлжээ, цахилгаан дамжуулах шугам тавих, тэрчлэн Сирийн эдийн засгийн бүх салбарт хөрөнгө оруулах талаар хамтран ажиллахаар зөвшилцжээ.
Гэхдээ Тегеран, Дамаск хоёр олон салбарт гэрээ байгуулсан байдаг ч тэдгээрийн олонхыг эргэн авч үзэж, хөгжүүлэн, идэвхжүүлэх шаардлагатай хэмээн Сирийн Эдийн засгийн сайд Смаер аль-Халиль үзэж байна. Хоёр улс хоорондын эдийн засгийн холбоо соёл, нийгмийн харилцааны түвшинд хүрээгүй болохыг тэрбээр онцолжээ. АНУ-аас Иран, Сирид авсан хориг арга хэмжээний сөрөг үр дагавраас зайлсхийхийн тулд төлбөр тооцоогоо улсынхаа валютаар хийдэг болох, тэрчлэн худалдаагаа хөгжүүлэхийн тулд хамтарсан банк байгуулах хэрэгтэйг Смаер аль-Халиль тэмдэглэсэн байна.
Сирийн дайн тус улсын эдийн засаг, санхүүгийн харилцааг бүрэн өөрчилсөн. Тус улс 2004-2010 онд Арабын бусад, юуны түрүүнд Персийн булангийн орнуудаас авсан хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр тус бүс нутагтаа дөрөвдүгээрт бичигддэг байжээ. Сири, Турк, Катар хоорондын холбоо онцгой идэвхтэй хөгжсөн гэнэ. Тухайлбал, 2008 онд Анкара Сири, Туркийн бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн 42 төсөлд 6.3 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Бараа эргэлт нь гурав дахин өссөн аж. 2010 онд Сириэс Туркт 662 сая ам.долларын экспорт хийсэн бол 1.85 тэрбум ам.долларын импорт хийж байв. Иран, Сири хоорондын бараа эргэлт энэ үед 500 сая орчим ам.доллар байсныг Ираны хэвлэлд мэдээлжээ.
Үүний сацуу Сирийн байдлыг улс төрийн аргаар зохицуулах хүртэл тус улсын сэргээн босголтод АНУ болон Европын холбоо мөнгө хандивлах бодолгүй байна. Иймээс Тегеран Дамасктай гэрээ байгуулахыг оролдож буй аж. Гэвч үүнийг тухайлбал, Сирийн сөрөг хүчин дэмжих нь бүү хэл, байгуулсан гэрээнүүдийг дээрэмд тооцож байна. “Сирийг сэргээн босгох ажил ярихаар Астанагийн хэлэлцээнд оролцогчид санал зөрөх бололтой. Орос, Турк, Герман, Франц уг ажлыг бараг л эхэлсэн гэж Иран үзэж байна. Энэ үйл явцын гадна үлдэхгүйн тулд хүчин чармайлтаа Тегеран идэвхжүүлж буй” гэж Тегераны их сургуулийн багш Хамидреза Азизи хэлжээ.
Истанбулд ирэх сарын 7-нд Сирийн талаар дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж буйгаа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан өнгөрсөн сарын эцсээр мэдээлсэн. Үүнд Орос, Франц, Германы удирдагчид оролцоно. Тегеран энэ мэдээллийн их болгоомжтой хүлээн авсан. “Энэ уулзалтад оролцогчид, тухайлбал, Орос улс Тегераныг шахаж мэдэх учир Иран бэлтгэлтэй байгаа” гэж Хамидреза Азизи хэлсэн байна.