Дэлхийд алдартай рок хамтлаг “Иглз” попын хаан Майкл Жексоны мөнхийн гэгдэж байсан дээд амжилтыг эвдлээ. Тус хамтлагийн 1976 онд худалдаанд гаргасан “Their Greatest Hits 1971-1975” цомгийн борлогдсон тоо 38 саяд хүрсэнээр бүх үеийн №1 байсан Жексоны “Thriller” цомгийг ардаа орхив. Харин “Thriller” цомгийн амжилт 33 сая байна. “Иглз” хамтлагийн супер амжилт үүгээр дуусахгүй. Түүний “Hotel California” цомог 28 сая хувь борлогдсон үзүүлэлтээрээ бүх үеийн жагсаалтын №3-т бичигдэж байна. Тус цомог “Their Greatest Hits 1971-1975”-ын дараахан буюу 1976 оны 12-р сард худалдаанд гарчээ. Энэхүү түүхэн үйл явдлыг тэмдэглэх ёслолын үеэр Америкийн дуу бичлэгийн компаниудын холбооны тэргүүн Кари Шерман “Гайхалтай гавьяа байгуулсан “Иглз” хамтлагт баяр хүргэе. Бүх үеийн хамгийн шилдэгт тооцогддог гурван цомгийн хоёрынх нь эзэд болно гэдэг гайхамшиг юм” хэмээн ярьжээ.
Гленн Фрай, Дон Хенли хоёрын анхлан байгуулсан “Иглз” хамтлаг 1971-1980 онд оршин тогтносон. Үүний дараа Фрай бие даан уран бүтээл туурвих болж The One You Love, Smuggler's Blues, The Heat Is On зэрэг хит дуунуудыг гаргасан юм. Хамтлаг 1994 онд нэгдэж “Hell Freezes Over” цомгоо гаргасан ч Фрай 2016 онд нас барснаар хамтлаг буцаад бутарсан. Үүнээс жилийн дараа “Иглз” уран бүтээлээ дахин туурвиж эхэлсэн.