Э.Хана
Тэнгэрт байгаагаа мартсан мэт аашилдаг үйлчлүүлэгч цөөнгүй таардаг талаар Америкийн агаарын тээврийн “NetJets” компанийн ажилтнууд ярьжээ. Онгоцны зорчигчид юу хүсдэг талаарх судалгааг тус компанийнхан хийсэн юм байна. Хачирхалтай, бүр тэнэг гэмээр зүйл хүсэж, тушаадаг зорчигч цөөнгүй байдаг аж.
Жишээ нь, нохойгоо ачааны бус, зорчигчдын хэсэгт авч явсан нэгэн эр онгоцны ахмадад “Цагаасаа өмнө газардаарай, миний нохой гүйж харайхгүй удаж чадахгүй шүү” гэж их л эелдэг хэлсэн гэнэ. Өөр нэгэн эрэгтэй үйлчлэгчид хандан “Тоорой минь их алдартай, тэмцээнд түрүүлсэн амьтан. Одоо үзэсгэлэн яармагт оролцохоор явж байгаа учраас тэр газарт нь хүргэж өгөх ёстой” гэж шаарджээ.
Нэг зорчигч тасалбар захиалахдаа л тусгайлан хоол бэлдүүлэхээр тохирсон аж. Түүний хүссэн цэсэнд хавчуургатай талх, шинэ ногоо, жимсний салат багтжээ. Үйлчлүүлэгчийн хүссэн ёсоор эдгээрийг бэлтгэсэн юм байна. Гэтэл мань хүн тэр хоолыг өөртөө бус, тотиндоо захиалсан гээд аваад буужээ.
Дашрамд дуулгахад, аялал жуулчлалын “Agoda” компани агаарын тээврээр зорчигчдын дунд санал асуулга явуулж, үйлчлүүлэгчдийн хамгийн хачин үйлдлийг нэрлэхийг хүссэн байна. Ингэхэд олонх нь “Онгоцонд хүмүүс ам хуурай явдаггүй учраас их чимээ шуугиантай байдаг” гэж хариулжээ.