А.Хангай
“Уолт Дисней” ба “Сони” кино компанийнхан хамтран бүтээж буй “Мулан” киноныхоо зургийг олны хүртээл болголоо. Тус киноны гол дүр болох Хуа Муланд Кристал Лю тоглож буй бөгөөд тэрбээр мянга гаруй эмэгтэй жүжигчинтэй өрсөлдөн, шалгарсан юм. Хятадын дайчин эмэгтэй Хуа Муланы түүхээс сэдэвлэсэн тус киноны зургийг БНХАУ болон Шинэ Зеландад авч буй бөгөөд ирэх 2020 оны гуравдугаар сарын 27-нд үзэгчдэд хүргэхээр товлосон.
Киноны бусад дүрд Жэт Ли, Гун Ли нарын алдартай хятад жүжигчин тоглож байгаа бол “The zookeeper’s wife” киногоор алдаршсан Ник Каро найруулж байна. Кино шүүмжлэгчид уг киног “Малефисент”, “Гоо үзэсгэлэн ба араатан” зэрэг киноны олсон ашиг орлогыг давах магадлалтай хэмээжээ.
Дашрамд дурдахад, “Уолт Дисней” компани “Мулан” хүүхэлдэйн киног 1998 онд бүтээж, тухайн үедээ 300 сая ам.долларын ашиг олсон бөгөөд “Оскар”-т нэр дэвшиж байв.