“Исламын улс” бүлэглэлийг бүрэн устгах хүртэл цэргээ Сирид байлгана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд мэдэгджээ. Америкийн Төрийн нарийн бичгийн даргын Ойрхи Дорнодын асуудал хариуцсан туслахын үүрэг гүйцэтгэгч Дэвид Саттерфилд хэвлэлийн хурлын үеэр ийн мэдэгджээ. Түүний хэлснээр Сирийн байдлын талаар АНУ Оростой улс төрийн түвшинд, мөн хоёр орны Зэвсэгт хүчний төлөөлөгчдийн түвшинд хамтран ажиллаж байна.
Сирийн байдлыг улс төрийн арга замаар зохицуулах үйл явцаа идэвхжүүлэхэд НҮБ бэлэн хэмээн Америкийн Төрийн департаментаас мэдээлжээ. Тухайлбал, НҮБ-ын тогтоолын дагуу Арабын энэ улсын шинэ Үндсэн хуулийг Дамаск, Москва хоёр бэлтгэж буй.
Үндсэн хуулийн хороо байгуулах тухай тохиролцоонд өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд ОХУ-ын Сочи хотноо болсон Сирийн үндэсний яриа хэлэлцээний конгрессын үеэр хүрсэн юм. Энэ конгресс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Стаффан де Мистуратай хамтран Сирийн Үндсэн хуулийг боловсронгуй болгох санал бэлтгэх ёстой.
НҮБ-ын дэмжлэггүйгээр тус байгууллагын хүчээр Сирийн эдийн засгийг сэргээх боломжгүй хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Ойрхи Дорнодын асуудал хариуцсан туслахын үүрэг гүйцэтгэгч мэдэгджээ. “ОХУ дангаар сэргээн босгох боломжгүй. НҮБ-ын баталсан улс төрийн үйл явцгүйгээр уг ажиллагааг олон улс дэмжихгүй гэдгийг би Оросын Засгийн газарт тодорхой тайлбарласан” хэмээн Д.Саттерфилд мэдэгдсэн байна.
“Исламын улс”-тай тэмцэх талаар бусад улстай хамтран ажиллах асуудал хариуцсан АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Бретт Макгурк хуралд оролцож, үг хэлэхдээ “Сирийг сэргээн босгох урт хугацааны шаардлагыг Женевийн улс төрийн үйл явцтай нягт холбох хэрэгтэй. Сэргээн босгох ажлыг Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн бусад байгууллага тэргүүлэх ёстой” гэжээ.
Сири дэх “Исламын улс” бүлэглэлтэй АНУ-ын хийж буй тэмцэл дуусаагүйг тэрбээр сануулсан байна. “Энэ бол цэргийн маш чухал ажиллагаа. Исламын улс”-ын олон босогч үлдсэн Евфратын хөндийн дунд хэсэгт л өрнөж байна. Үүний дараа тус бүлэглэлийг эргэн ирүүлэхгүйн тулд Сирийн хүчнийг сургах хэрэгтэй болно. Уг ажиллагаа ид өрнөж буй бөгөөд дуусах болоогүй” хэмээн дипломатч анхааруулжээ.
АНУ, түүний холбоотнуудын цэргийн ажиллагааны улмаас газрын хөрснөөс арчигдсан Раккад 150 мянган оршин суугч нь эргэн очсон, ундны усны хангамжийг бүрэн сэргээсэн болохыг Бретт Макгурк мэдээлсэн байна. Тус хотын амьдралыг бүрэн сэргээхэд асар их хүчин чармайлт хэрэгтэй болохыг тэрбээр тэмдэглэв.