“БНХАУ-ын иргэн Ли Лянхуа захиралтай “Аполло” болон түүний хүүхдүүдийн “Жин Чен Хай” компани эмийн сүлжээний бизнес эрхэлж, бүтээгдэхүүн сурталчилж, гишүүн элсүүлдэг, мэргэжлийн бус хүмүүс ажиллуулж байна” гэсэн гомдлыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт иргэн Д.Батцэцэг гаргажээ. Гомдлын дагуу шалгаж, дээрх компанийн удирдлагад зөрчлийн хэрэг нээсэн байна. Биологийн идэвхт бүтээгдэхүүний хадгалалтын журам зөрчсөн “Аполло” компанийг Зөрчлийн хуулийн дагуу 500 000 төгрөгөөр торгосон аж.
“Жин Чен Хай” компани тусгай зөвшөөрөлгүйгээр 12 нэрийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортолж, худалдсан, мэргэжлийн бус хүн эм барьсан, эмээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй зөрчил гаргажээ. Эмэгтэйчүүдийн болон түрүү булчирхайн гель, үе мөчний бэлдмэл, нүдний болор угаагч, цус цэвэршүүлэгч капсул, аминдэм, кальци, эмчилгээний наалт, усан зүү зэрэг 12 нэрийн 155 хайрцаг бүтээгдэхүүнийг НМХГ-ынхан хураан авч уг компанийг гурван сая төгрөгөөр торгожээ.
Бэлтгэсэн: Х.Хишигдэлгэр