Фэйсбүүкт хуурамч хаяг нээж, насанд хүрээгүй охидтой харилцан, хуурч мэхлэн нүцгэн зургийг нь авдаг залууг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн мягмар гарагт илрүүлэн, мөрдөн шалгаж байна.
Сүхбаатар дүүргийн XIV хороонд оршин суух хаягтай, эрхэлсэн ажил, мэргэжилгүй, 21 настай уг залуу фэйсбүүк дэх “10-16 насныхан”, “Хосоо олъё”, “Зугаатай залуус” зэрэг олон гишүүнтэй группэд бусдын зураг, нэр ашиглан 16 настай хэмээн өөрийгөө танилцуулж, 13-14 насны 300 орчим хүүхэдтэй тогтмол харилцаж байжээ. Тэдэнтэйгээ цахим зурвасаар харилцаж (чааталж) байсан бөгөөд дөрвөн охины цээж нүцгэн зургийг нь авсан гэдгээ мэдүүлсэн гэнэ.
Хэдхэн жилийн өмнө охид, бүсгүйчүүдийн “Фотомодель болгоно” хэмээн мэхэлж, хүчирхийлэхийг завдсан дуулиан дэгдэж байсныг уншигчид санаж буй нь лавтай. Тиймээс охидоо гэмт хэргийн золиос болгохгүйн тулд хяналт тавьж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Хуурамч хаягаар насанд хүрээгүй охидтой харилцдаг залууг саатуулав
Сүлжээний бизнес хэмээх залилангийн нэг төрлийг ашиглан манай 7000 хүнийг хохироосон гэх хэрэгт сэжиглэн ОХУ-ын иргэнийг шалгаж эхэлжээ. Фэйсбүүкт “Монголчууд бид хашрахгүй юм. Урд шөнө сүлжээний бизнес нэрээр монголчуудыг залилсан орос иргэнийг “Туушин” зочид буудлаас баривчиллаа. Гэвч тэр оросын бие муудсан тул Улсын хоёрдугаар төв эмнэлэг рүү аваад явсан. Удалгүй ОХУ-аас манай улсад суугаа ЭСЯ-ныхан нь ирээд авч явлаа. Хохирлын хэмжээний хувьд 90-100 тэрбумын хохиролтой” гэсэн мэдээлэл цацагдсан.
Энэ талаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхнээс лавлахад “Ийм сүлжээнд мөнгөө өгөөд залилуулсан гэх нэг иргэний гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн дөнгөж шалгаж эхэлж байна. АББА гэх нэртэй сүлжээг үүсгэн байгуулагч ОХУ-ын иргэнээс тайлбар мэдүүлэг авч эхэлсэн” гэлээ. Хохирогч хэмээн цагдаагийн дээрх хэлтэст хандсан хүмүүсийн өгүүлснээр манай улсын 7000 хүн уг сүлжээнд 10 000-аас дээш төгрөг, зарим нь их хэмжээний ам.доллароо өгсөн аж.
Бэлтгэсэн: Г.Равжаа