БНАСАУ, ОХУ, АНУ, БНХАУ, Японы оролцоотойгоор Зүүн хойд Азийн төмөр замын хамтын нийгэмлэг байгуулах саналыг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин дэвшүүлжээ. Солонгосыг чөлөөлсний ойг тохиолдуулан тэрбээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ ийн мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг уламжлав. “Зүүн өмнөд Азийн зургаан улс болон АНУ-ын оролцоотой энэ хамтын нийгэмлэг нь эдийн засгийн орон зайгаа өргөжүүлэх замаар Зүүн хойд Азид эрчим хүч, эдийн засгийн эвсэл байгуулахад хүргэнэ” гэж тэрбээр хэлжээ.
Үүний зэрэгцээ Умард, Өмнөд Солонгосын тээврийн байгууллагын түшмэд авто замаа холбох хэлэлцээ хийж байна. Тодруулбал, БНАСАУ-ын Кэсон, БНСУ-ын Мүнсан хот хоорондын авто замын 19 км хэсгийн барилгын ажлын талаар ярилцаж буй юм. Энэ нь Пёньян, Сөүлийг чиглэсэн замыг холбох боломж олгох аж.
ОХУ-ын нийслэлд өнгөрсөн зургадугаар сарын 22-нд Оросын Төрийн тэргүүн В.Путин, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзах үеэр Оросын болон Өмнөд Солонгосын төмөр замууд хоорондын тунхаг бичигт гарын үсэг зурсан. Энэ үеэр талууд Солонгосын их төмөр зам, Сибирийн их төмөр замыг БНАСАУ, БНСУ, ОХУ-ын орол цоотойгоор холбох гурван талын төсөл зэрэг Өмнөд Солонгос, Орос, Европыг холбосон тээвэр хийх болзол боловсруулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Урьдчилсан мэдээгээр Оросын төмөр замууд 3-4 тэрбум ам.долларын зардал гаргах бололтой.
БНАСАУ-ТАЙ ХИЙХ ТӨМӨР ЗАМЫН ХАРИЛЦАА
Умард болон Өмнөд Солонгосын төмөр болон авто замыг энэ онд багтаан холбохыг Сөүл эрмэлзэж байна хэмээн Мүн Жэ Ин хэллээ. “Солонгос хоорондын харилцааг хөгжүүлэх нь тус бүс нутгийг цөмийн зэвсэггүй болгох хөдөлгөгч хүч болно. Энэ үүднээс Өмнөд Солонгос замаа нэгтгэхийг эрмэлзэж байна” гэж тэрбээр дурдав.
Энэ сарын эхээр БНСУ, БНАСАУ-ын төлөөлөгчид нэгдсэн сүлжээнд хэтдээ оруулахын тулд хоёр орны төмөр замыг шинэчлэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцжээ. Үүнээс өмнө зургадугаар сард шинжээчид Умард Солонгосын Кэсон хот болон цэрэггүй бүс, тэрчлэн Солонгосын хойгийн зүүн эрэг дагуух төмөр замын далангийн хоёр хэсэгт үзлэг хийсэн.
Хоёр орны төмөр замыг хамтран шинэчилж, холбох тухай тохиролцоонд Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн юм.
ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Өмнөд, Умард Солонгос хоорондын эдийн засгийн шууд хамтын ажиллагааг сэргээснээр 30 жилд 150 тэрбум ам.долларын орлого олно хэмээн Мүн Жэ Ин үзэж байна. Ийм судалгааг БНСУ-ын Дүн шинжилгээний төв хийсэн гэнэ. Солонгосын хойгийг бүрэн цөмийн зэвсэггүй болгосны дараа тус хоёр улс хоорондын эдийн засгийн шууд хамтын ажиллагааг сэргээх боломжтой хэмээн БНСУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТӨВ
“Хилийн Кэсон хот дахь харилцаа холбооны төв удахгүй ажиллаж эхэлнэ. Жилийн 365 өдөр, хоногийн 24 цагийн турш харилцан ойлголцолд хүрч байх эрин үеийг бид нээж байна” хэмээн Өмнөд Солонгосын удирдагч хэлэв.
Урьд нь “Chosun Ilbo” сонинд тэмдэглэснээр тийм төвийг нээхэд Пёньяны эсрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээ саад учруулж мэдэх юм. Гол хүндрэл нь уг хоригт заасны дагуу шатахуун, бусад материал нийлүүлэхэд үүсэх аж. Энэ тохиолдолд хориг арга хэмжээг цуцлуулах талаар Сөүл НҮБ-тай зөвлөлдөж буй гэнэ.