“Бороо орсны улмаас ус тунаж чийг аваад, шороо урсаж тогтсоны уршгаар авто зам эвдэрлээ”. Өөдгүй хурмаст үер буулгаж, тавьсан замыг нь эвддэг гэсэн утгатай уг тайлбарыг холбогдох албаныхан зун бүр хэлдэг. Үерийн шуудуу, суваггүй зам тавьсан буруугаа хүлээнэ гэж ер байхгүй. Бүр болохгүй бол “Хотын өмнөх удирдлага ийм чанаргүй ажил хийсэн” гэж бухдаг бэлэн үгтэй.
Өнгөрснөөс уламжлан ирсэн эдгээр мэхийг нийслэлийн одоогийн удирдлага ч өвлөж аваад, дараагийн хүмүүстээ үлдээх нь. Тодруулж хэлбэл, төсвийн хөрөнгөөс гаргадаг үргүй зардал багасахгүй гэсэн үг. Хэрэв зуны бороотой өдрүүд олширсоор байвал зардлын хэмжээ ихсэх нь дамжиггүй. Таван жилийн өмнө нийслэлийн замыг дунджаар 1.2 тэрбум төгрөгөөр нөхдөг байсан бол өнгөрсөн онд хоёр тэрбум шүргэсэн. Харин өнөө жил бараг л 2.5 болчихлоо.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тэргүүтэй нийслэл, дүүргийн төлөөлөгч нар тус замыг хоёр сар орчмын өмнө хүлээж авсан. 2017- 2018 оныг дамжуулж хийсэн уг замд ус зайлуулах хоолой алга. Хашлага болон явган хүний зам нь хагарч эхэлжээ
ДАРЬ-ЭХИЙН ЗАМЫГ МЯНГАН УДАА НӨХСӨН Ч НЭМЭРГҮЙ
Усархаг бороо оров уу, үгүй юу үер буудаг цэг нийслэлд хэд хэд бий. Тэдний нэг нь Сансрын ШТС-аас Ганц худгийн хорих анги хүртэлх авто зам. Баянзүрх дүүргийн XXI, XXVII хорооны нутаг уулын бэл газар учраас борооны ус тунаад, “нуур” үүсдэгийг нийслэлийн иргэн бүр мэднэ. Гэвч тэнд авто зам тавихдаа ус зайлуулах шуудуу хийгээгүй. Замыг нь шинэчилсний дараа жил энд тэндгүй цөмрөн, засаж байсан удаатай.
Түүнээс хойш зургаан жил өнгөрчихөөд байхад нийслэлийн үе үеийн удирдлага тэнд ус зайлуулах шуудуу татуулсангүй, эвдэрсэн замыг нөхсөн хэвээрээ л байна. Өнгөрсөн долдугаар сард орсон аадар уг замыг “самарчихав”. Өмнөх жилүүдэд энд тэнд нь “зүүсэн” нөхөөсийг ч урсгачихлаа. Одоо яалтай билээ, дахиад л нөхөх нь. Ингэхдээ 204 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж, Ганц худгийн буудал хүртэлх 500 метр замыг арав хоног хаахаар тогтов.
Үүний дагуу нөхөх хүмүүс нь ажлаа хэдийнэ эхэлж, авто замыг хэсэгчлэн хаагаад хуучин асфальтыг нь хуулж байна. Гэвч энэ замыг засаад ямар ч нэмэргүй болохыг учир мэдэх хүмүүс хэлэв. Борооны ус зайлуулах шуудуу, суваг татахаас нааш мянган удаа нөхөөд ч тусыг олохгүй гэсэн үг. Гэвч хотын үе үеийн удирдлага ийм ажил санаачилсангүй.
Нөхөөс хийх нь нэмэргүй гэдгийг дуулгаад, “Тухайн хэсэгт ус зайлуулах суваг хийхгүй юм уу” хэмээн нийслэлийн одоогийн удирдлагаас асуухад “Харин тийм ээ” гэж толгойгоо маажаад “Өнөө жил үүнд зарцуулсан төсөв байхгүй. Ирэх оны төсвийг хэлэлцэхдээ санал оруулна” гэсэн юм. Үнэн л байгаасай.
Дарь-Эхийн шинэ эцсийн буудал орчмын зам бүхэлдээ эвдэрчихэж. Тухайн хэсгийн бүх асфальтыг хуулаад, дахин тавихаас аргагүй болжээ. Тэндээс Сансрын ШТС хүрэхийн тулд эсрэг урсгалаараа зорчиж буй жолоочтой “тохиролцоод”, цагт 10-20 км/цагийн хурдтай 30 минут гэлдэрч байна
Дамбадаржаагийн эцсээс Сэлх зуслан хүртэлх зам эвдрэл харьцангуй багатай байна. Гэхдээ 100-200 метр тутамд ойролцоогоор 15 см гүн нүхэн эвдрэл үүсчээ. Зураг дээрх нүх Сүхбаатар дүүргийн XX хорооны барилгын хажууханд бий. Үүнийг нөхөхөд 150-200 мянган төгрөг зарцуулна
“БУДАГ НЬ ХАНХАЛСАН” ШИНЭХЭН ЗАМ ХАШЛАГААСАА ЭВДРЭХ БОЛЛОО
Сүүлийн 40 жилд ороогүй бороо энэ зун орж гэнэ. Хотын удирдлага ингэж хэлсэн. Өдөр дараалан орсон аадар гол төлөв хуучин авто замыг “сүйтгэсэн” гэнэ. Ашиглалтад оруулаад зургаан жил болж буй авто зам хуучинд тооцогдох, эсэхийг уншигч Та бүхэн тунгаана биз ээ.
Дарь-Эхийн Ганц худгийн буудлаар баруун гар тийш салж, Баянзүрх дүүргийн V хорооны нутаг, Монел хүрэх авто зам дараа онд хагарч эхлэх магадлалтай. 2017 онд ажил эхлүүлж, өнгөрсөн зургадугаар тавьж дуусгасан эл замд ус зайлуулах шүүрт худаг байтугай дэргэдүүр нь татсан шуудуу ч байхгүй. Уржигдар өдөр 30 хүрэхгүй минут орсон борооны үеэр тухайн хэсэг бүхэлдээ усанд автаж байна билээ. Наадмын дараа шивэрсэн бороо тус авто замын явган зорчигчийн хэсэг болон хашлагыг хагалж, үйрүүлээд эхэлчихжээ. Цаашид бороо орсоор байвал ард, урд хормой, тохой, энгэрийг нь нөхсөн дээл шиг “ноорхой” замуудтай ижил болно биз.
Долоо хоног хүрэхгүй орсон бороонд “урссан” замаа засахаар нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 503.5, Авто замын сангаас 403.5 сая төгрөг зарцуулах юм. Хаана, ямар хэмжээтэй зам нөхөх талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхнаас лавлахад “Энэ зун нийслэлийн бүх л хэсгийн зам усанд автсан гэж болно. Хан-Уул дүүргийнх арай бага эвдэрсэн бол Баянзүрхэд их байлаа. Ялангуяа, хуучин замууд их эвдэрсэн” гэв.
Дарь-Эхтэй холбож, цаашлаад хотын гаднах Их тойруугийн сүлжээ болгох Монелын замын үргэлжлэл. Байнга үер буудаг эл хэсэгт тавьж буй авто замд ус зайлуулах хоолой мөн л алга. Өнгөрсөн сард орсон бороонд “чадуулсан” нийслэлийн удирдлага дараа жил энд шугам тавина гэсэн
Тэдний нэрлэж буй гудамж, замд үерийн ус байнга тогтдог юм билээ. Нийслэлийн Онцгой байдлын газрынхны “Үерийн аюултай” хэмээн тодорхойлсон бүс ч гэж ойлгож болно. Гэтэл тухайн хэсгүүдэд ус зайлуулах шуудуу, суваг татахын оронд нөхөөс хийсээр.
Зам нь “там” болсон Дарь-Эх орчимд шуудуу татах санаачилга таван жилийн өмнө оршин суугчид нь гаргаж байжээ. Тэд хашаагаа татаж, Сэлбэ голтой нийлэх 900 метр зайн 300-д хоолой татаад өгөөч гэж нийслэлийнхэнд уламжилж байж. Харамсалтай нь, тэдний санаачилгыг үл ойшоон, замаа нөхөж, төсвийн хөрөнгийг бороотой хамт урсгасаар байгаа гэнэ. Ийм хоолой хийхэд ихдээ 400 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо ч хийснээ дуулгасан. “Зам нөхөх нь мөнгө “идэх” арга” гэсэн хардлагыг үнэнд дөхүүлэх нотолгоо нь энэ.
Сансрын ШТС-аас Ганц худгийн буудал хүртэлх замыг энэ сарын 18 хүртэл хаана. Нөхөөс хийхдээ нүхнээс хааш хааш нь 20-25 см асфальтыг нь хуулж, хайрга, дайргаар бөглөөд, асфальтаар дүүргэдэг аж. Тодруулж хэлбэл, хулхи нөхөөс хийдэг, тэр нь замаа улам эвдэж, усанд урсдаг гэсэн үг
Бэлтгэсэн: Г.Цэцэг