АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2019 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын төсөвт гарын үсэг зуржээ. Эл төсвийг 717 тэрбум доллар байхаар баталсан нь өмнөх оныхоос гурван хувиар илүү байна. Шинэ төсөвт цэргийн бие бүрэлдэхүүний тоог 16 мянгаар, тэдэнд олгох тэтгэмжийг 2.6 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ.
Мөн уг баримт бичигт Украинд үзүүлдэг цэргийн тусламжийг үргэлжлүүлэхээс гадна Оросын эсрэг чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг тусгажээ. Тэрчлэн 40 тэрбум долларыг Агаарын цэргийн хүчинд, 65 сая долларыг бага хүчин чадалтай цөмийн шинэ цэнэгт хошуу боловсруулахад зарцуулах аж.
Ардчилсан намынхан сүүлийн заалтыг эсэргүүцэж, стратегийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээнүүдийн тухай илтгэлүүдээ танилцуулахыг Засгийн газартаа үүрэг болгохыг санал болгосон хэдий ч бүгд найрамдахчууд цөмийн цэнэгт хошуу нь Оросыг тогтоон барихад зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа учраас тус саналыг нь хүлээж аваагүй байна.