“Орбис” нисдэг эмнэлгийнхэн 1989 онд Монголд анх хөл тавьснаас хойш найм дахь удаагаа ирлээ. Улаанбаатар хотод энэ сарын 30 хүртэл гурван долоо хоногийн хугацаанд нүдний эмч, мэргэжилтнүүдэд сургалт явуулахаас гадна хүүхэд, насанд хүрэгчдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.
“MD-10” агаарын хөлөгт байрладаг нүдний эмнэлгийнхэн манай улсын 256 эмч, мэргэжилтнийг сургахыг зэрэгцээ 225 хүнийг эмчлэх юм байна. Өвчтөнүүдийг сонгох, шинжилгээ авах зэрэг бэлтгэл ажлыг манай эмч нар хангажээ. Тэд энэ сарын 12-ноос хойш дөрвөн хүнд нүдний мэс засал хийсэн. Өчигдөр дахин нэг хүнд хагалгаа хийжээ. Мэс заслыг ЭХЭМҮТ, УНТЭ болон онгоцон дотор хийж буй.
“Чингис хаан” олон улсын нисэх буудалд байрлаж буй нисдэг эмнэлгийн үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон албаны хүмүүс өчигдөр танилцсан юм. Тэрбээр “Монгол Улсын эрүүл мэндийн салбарын нүдний тусламж, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх суурийг энэ эмнэлгийн хамт олон тавьсан. Манай улсад таван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд насанд хүрэгчдийн болор цайх, чихрийн шижингийн хүндрэлээс үүдэлтэй нүдний эмгэгээс сэргийлэх, эмчлэх чиглэлийн эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэнэ. ЭХЭМҮТ-д 2014 оноос төсөл хэрэгжүүлж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангасан. Төв, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон аймагт хүүхдийн хараа хамгаалах төсөл хэрэгжүүлж байгаа” гэлээ.
“Орбис” эмнэлгийн Монгол дахь суурин төлөөлөгч Ч.Чимгээ “Энэ байгууллага, дэлхийн олон оронд тусламж үзүүлж, урт хугацаанд төсөл хэрэгжүүлдэг. Эхний долоо хоногт эмч, сувилагч, инженер техникийн ажилчдад сургалт явуулна. Хоёр дахь долоо хоногт хүүхдийн нүдний өвчлөлийг эмчилнэ. Үлдсэн хугацаанд онгоцон дахь эмнэлэгтээ тусгай сургалт зохион байгуулж, насанд хүрэгчдэд тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
Хүүхдэд тань нүдний ямар нэг өөрчлөлт, эмгэг байвал эмчид яаралтай үзүүлээрэй. Хялар харах, ойроос юм уншиж, телевиз үзэх, нүдээ байн байн нухалж, анивчиж байгаа, эсэхийг сайн анзаарах хэрэгтэй. Аажимдаа зүгээр болно гээд тоохгүй өнгөрч болохгүй. Аль болох эрт үед нь эмчлүүлэхгүй бол эргэшгүй өөрчлөлтөд орох эрсдэлтэй” гэв. Нисдэг эмнэлгийн ерөнхийлөгч Боб Ранк “Жил ирэх бүр Монголын нүдний эмч нарын тусламж, үйлчилгээ, тоног төхөөрөмж сайжирч буйг хараад баярладаг” гэлээ.
Бэлтгэсэн: Ч.Туяа