- 20 хоног ажилласан байхад насанд хүрээгүйг нь мэдээгүй гэсэн –
“Хурд” группийн туслан гүйцэтгэгч барилгын “Түмэндэлгэр далай” компанид туслах ажилчин хийж байсан 17 настай хүү өргөгч цамхгийн ган татлагад цохиулж нас барсан хэрэг энэ сарын 8-нд гарсан билээ. Талийгаачийн ээж Н.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-Ухаан орж, гараад, хэд хоног дэн дун л байлаа. Хүүгээ хөдөөлүүлээд хэд хонолоо. Өнөөдрөөс (өчигдөр) л арай дээрдэж байна. Гэхдээ үрээ алдсан эх хүн ямар олигтой байх вэ дээ, өдөржин л хүүгийнхээ зургийг тэвэрч уйлж өнждөг юм. Ийм аймшигтай, харамсмаар зүйл болсонд нэг л итгэж өгөхгүй, зургийг нь хараад бодит байдалтай эвлэрч сууна.
-Та бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
-Уг нь миний ухаан эрүүл, хүний хэлснийг ойлгоно. “Хүү чинь нас барчихлаа” гэхийг сонссоноос хойш найм хоногийн турш үнэхээр шаналлаа. Хэн, юу ярьж байгааг ч ухаарах сөхөөгүй өнгөрүүлсэн. Хүүгийн минь ажиллаж байсан компанийн удирдлага хэд хэдэн байгууллагынхантай хамтарч, мэдээлэл хийснийг нэг хоногийн өмнө нь л анхаарч сонслоо. Тэд “Хурд” группийн тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс олон нийтийн өмнө уучлал гуйжээ.
Ингэхдээ олон нийтэд ташаа мэдээлэл өгсөнд үнэхээр гомдож байна. Сэтгэлийг минь гонсойлголоо. Нийгэмд өгч буй анхны мэдээллээрээ буруу сэтгэгдэл төрүүлж байгаа юм чинь цаашид яах бол гэсэн эмзэглэл бас төрүүллээ. Бялдуулчилж, долигонохын оронд хүн чанартай байх хэрэгтэй шүү дээ, уг нь.
-Хэвлэлийн бага хурлын үеэр талийгаачийн талаар дорвитой зүйл яриагүй. Осол гарах үед хариуцсан ажлаа хийж байсан, мөн танилаараа дамжуулж тэнд ажиллах болсон гэсэн.
-Тухайн өдрийн 18.38 цагт миний хүүг нас барсныг үзлэгээр тогтоосон байдаг. Уг нь хүн өдөрт найман цаг л ажиллах ёстой. Хөдөлмөрийн хуульд үүнийг тусгачихсан. Үүнээс авхуулаад зөрчил мундахгүй. Гэтэл хэвлэлийн хурлын үеэр үнэний талаар ярьсангүй. Бүх юм үнэнээрээ байх ёстой. Би хоёр хүүгээ ч ийм л зарчмаар хүмүүжүүлсэн. Тиймээс л би та бүхэнд зовлонгоо ярьж, уйлаад сууж байна. Өнөөдөр 15-17 настай олон хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа. Би худлаа зүйл яриагүй. Маш бага хөлсөөр тэднийг ажиллуулдаг. Нөгөөтэйгүүр, хүүхдүүдэд ч ажил хийх шаардлага бий. Өөрийнхөө хүүгээр жишээ авъя л даа.
Миний хүү 180 см өндөр, эрүүл, чийрэг, сэргэлэн хүүхэд байсан. Ийм хүүхдээ гэрт нь хориод, эрхлүүлээд суухад хэцүү шүү дээ, эцэг, эхчүүд ч ойлгох биз. “Ажил хийе” гээд байж, сууж өгөхгүй. Найзууд нь 15-тайгаасаа ажил хийж эхэлсэн юм. Би тэгэхийг нь хориглосоор өдий хүргэсэн. Хүүгээ алдчихна гэж даанч санаагүй, гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Энэ ажилд орохынхоо өмнө талийгаач минь барилгын өөр компанид ажилд орохоор, очиж уулзсан. 18 нас хүрээгүй гээд аваагүй юм билээ. Түүнийг нь дуулаад дотор гийсэн гэж яана. Өөрийгөө насанд хүрсэн, хэрэглээгээ олж дөнгөнө гэж итгэж, найдаад, түүнийхээ төлөө тэмүүлсэн учраас л миний хүү энэ ажилд орсон байх.
Хэчнээн хориглосон ч болиулж чадаагүй. Цэвэрлэгээ хийх болсон гэхээр нь өндрөөс унав, сэрэмжтэй байгаарай гэж анхааруулсан юм. Тэгэхэд хүү минь “Та буруу ойлгожээ. Би гадна талбайг цэвэрлэж, барилгын материал зөөдөг” гээд шүүр харуулсан. Яаж тэр чингэлэг дээр гаргана гэж бодох вэ дээ. Тэд ажилчныхаа аюулгүй байдлыг хангах ёстой шүү дээ.
-Тэгэхээр барилгын компанийнхан ташаа мэдээлэл өгсөн байх нь ээ?
-Би хүүхдүүддээ багаас нь “Хүнд “Үгүй” гэж хэлж болохгүй шүү” гэж сургасан. Энэ нь л алдаа байж. Түүнээс болоод л чингэлэг дээр гарч, амиа алдлаа гэж өөрийгөө зүхэж сууна. Миний хүү осол гарах үед хийх ёсгүй ажлаа хийсэн байдаг. Гэтэл хүүг минь тэр хавиар сэлгүүцэж байгаад осолдсон гэх ухааны юм ярьж байна. Тэнэг л биш бол хэн ч тийм аюултай зүйл хийхгүй биз дээ. Барилгын компанийнхан мэргэжлийн үнэмлэхгүй хүүхдийг босгоноосоо холдуулахгүй байх ёстой.
“Энэ ажлыг уг нь өдрийн 35 000 төгрөгийн хөлсөөр хийлгэдэг юм. Чи насанд хүрээгүй учраас 25 000- аар цалинжуулна” гэж хүүтэй минь тохиролцсон байсан. Олон нийтийн сүлжээгээр хүүг минь сургалтын төлбөрөө төлөх гэж ажил хийсэн гэдэг мэдээлэл түглээ. Би хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөх үүрэгтэй. Тэгж шаардаагүй. Үрээ алдсан эхийг яагаад гүтгэж байгаа юм бэ. Хүү минь энэ намар Политехникийн коллежид элсэх байв.
Төлбөр нь нэг сая 750 000 төгрөг. Нас бардаг өдөр нь би банкнаас гурван сая төгрөгийн зээл авч, төлбөрийг нь төлөөд, хичээлийн бэлтгэлийг нь базаах талаар ярилцсан юм. Хүү минь хөвгүүдийн адил пүүз их сонирхдог. Хойтон жил “Universe best songs”-д оролцоно гэж ярьдаг байсан. Арван дуу бэлдэнэ гээд өдөржин дуулдаг байв. Хэдийгээр манайх тийм хангалуун айл биш ч хүүхдээрээ ажил хийлгэж, тэжээлгэх ядуу бус. Оригнал пүүз авна гэж зориод л ажил хийсэн юм шүү дээ. Голомтоо өвлүүлэх отгон хүүгээ алдчихна чинээ даанч санасангүй. Бид хүүгээ хайраар дутаагаагүй ээ. Тэр минь хүмүүст хэчнээн тустай, нийтэч, олонтой байсныг өнгөрөхөд нь мэдлээ. “Үгүй” гэж хэлж бай гэж сургаагүйдээ л харамсаж сууна.
-“Хурд” групп болон “Түмэндэлгэр далай” компанийнхан та бүхэнтэй уулзсан уу?
-“Хурд” группийнхэн холбогдоогүй ээ. Нөгөө компаниас нь хүмүүс ирсэн.
-Юу гэж байх юм?
-Тэр өргөгч цамхаг “Хурд” группийнх гэж тус компанийн захирал манайд ирэхдээ хэлсэн. Яагаад үзлэг хийлгээгүй юм бол. Ган татлага нь өгөршсөн учраас л тасарч байгаа хэрэг. Гэтэл тэд янз бүрийн л зүйл ярьж байгаа. Зарим нь тэр чингэлгийг зарсан болохоор тухайн талбайгаас холдуулах гэж байсан гэдэг. Гэтэл нэг хэсэг нь нөхөрт минь “Доторх плитаг нь барилга руу гаргах гээд өргөсөн” гэж хэлсэн.
Харин бусад нь “Машины тэвшин дээр ачсан хоёр чингэлгийн хооронд зай гаргах гэж байсан” хэмээн ярьж байв. Хүүхэд хуурч байгаа аятай л юм ярина лээ. Талбай дээр байсан ажилчид нь “Ууганбаярыг тэр дээр гарсныг хараагүй” гэнэ лээ. Тийм өндөр хүнийг харахгүй байна гэж байх уу. Талийгаач нүүрэндээ бэртэл аваагүй. Дагз нь цөмрөөд, зөөлөн эд нь урсчихсан. Юу ч үлдээгүй. Өргөгч цамхгийн дэгээг чингэлэгт оосорлочихоод, буух гэж байхдаа л осолдсон болов уу хэмээн бид таамаглаж байгаа.
Би үнэнийг тогтоолгохын төлөө эцсээ хүртэл явна. УИХ-ын гишүүн, цаашлаад Ерөнхийлөгч байсан ч хамаа алга. Эд хөрөнгө, эрх мэдэл нь хамаагүй. Цагдаа, ШШҮХ, мэргэжлийн хяналт, шүүх байгууллагынхан ч үнэн мөнийг нь тогтоож өгнө гэж найдаж байгаа.
-Компанийн удирдлага ёс зүйн хариуцлага хүлээнэ гэж байна билээ.
-Ёс зүйн хариуцлага хүлээгээд өнгөрөх осол биш шүү дээ. Өнгөрсөн хугацаанд хэчнээн хүн барилгын ослоос болж амиа алдав. Яагаад хяналтаа сайжруулж болдоггүй юм бэ. Хэвлэлийн хурал хийсэн хүмүүс алдаагаа хэрхэн зассан талаар ямар учраас ярихгүй байна вэ. Би дээр дурдсан шүү дээ, 15-17 настай хүүхдүүд барилгын туслах ажилчин хийж байгаа гэж. Дэгж, дэрвэж явсан хүүхдээ алдсан ээж ч олон бий.
Тиймээс өөрт тохиолдсон уй гашууг бусдад амсуулахгүйн тулд би ярилцлага өгч байна. Хүүхдийн төлөө ажилладаг гэх байгууллага өчнөөн байдаг. Тэд яг юу хийдэг юм бэ. Бараг өдөр тутам хүүхэд эндэх боллоо. Хариуцлага, хяналтаа сайжруулах цаг болоогүй юм уу. Осолд орохоор л талийгаачийг буруутгаж боломгүй. Ямар нэгэн хүн ажил хийж эхлээд ахиж дэвшихийг хүснэ биз дээ. Би анх цэвэрлэгчээр л ажилд орж байсан. Тэгээд тушаал ахисан. Хүүд минь зааж өгсөн, үгүй дээ хамгаалалтын малгай өмсүүлсэн бол амьд байх байлаа. Миний хүүд хамгаалалтын хувцас өгөөгүй шүү дээ. Ер нь энэ байгууллагын хяналт сул юм шиг байна лээ.
-Тэр нь юу гэсэн үг вэ?
-Миний хүүг насанд хүрээгүйг нь мэдээгүй гэсэн. Бараг 20 хоног ажилласан байхад, гэрээ байгуулсан гэчихээд насыг нь мэдэхгүй гэж байгаа юм. Тэгсэн хэрнээ танилаараа ажилд зуучлуулсан гэж ярьсан байна. Юу гэсэн үг юм бэ. Дээрээс нь миний хүү тэнд ажиллаж байхдаа хувцсаа хулгайд алддаг байсан. Энүүхнээс ямархуу байгууллага вэ гэдэг нь дорхноо ажиглагдана биз дээ.
Надад эмгэнэл илэрхийлэх гэж ирсэн хүмүүсээс “Хүүхэд чинь хаана байна вэ” гэж асуухаар бүгд “Барилга дээр ажиллаж байгаа” гэсэн. “Ажлаас нь гарга, битгий явуул” гэхээр дийлдэггүй гэнэ лээ. Ямар хүн болох төлөвшил нь тогтож буй үед нь хориг тавиад, гэртээ хэвтүүлэх дэмий учраас над шиг л хэсэг тээнэгэлзэж байгаад ажиллуулдаг байлгүй. Амьдралын идэвхтэй болгохын тулд хүүхдэдээ ажил сургах нь зөв.
Талийгаачийн ангийн таван хүү орж ирээд мөн л барилга дээр ажиллаж байгаа гэж ярьсан. Гол гогдоод, сонсоход ямар хэцүү байсан гээч. Тийм хүүхдийн үхэл миний хүүгийнхээр дуусаасай билээ. Цалингийн хэмжээ нэмэгдээгүй атлаа өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд л байгаа. Бидний олсон хэдэн төгрөг амьжиргаандаа л таардаг. Хүүхдэдээ халаасны мөнгө өгөөд, хүссэнээр нь эрхлүүлэх боломж дундаж давхаргынханд байхгүй шүү дээ.
Тэгэхээр хүүхдүүд өөрсдөө мөнгө олохын тулд ажил хийж байна. Монголын иргэдийн өнөөдрийн амьдрал ийм л байна. Хүүхдээр ажил хийлгэж болно. Аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй. Гэтэл өглөө ажилдаа очиход нь гарын үсэг зуруулаад л дурын ажлаа хийлгэж болохгүй биз дээ. Энэ ослыг би компанийн буруу гэж бодож байгаа. Үхсэний араас үхэх биш гэдэг дээ. Гэхдээ би энэ удаагийн ослыг үхсэний хохь, амьдын зол болгомооргүй байна. Үнэнийг тогтооно гэдэгт итгэж байгаагаа хууль, хяналтын байгууллагынханд танай сониноор дамжуулан уламжламаар байна.
Бэлтгэсэн: Г.Цэцэг