Иран, Израиль болон Саудын Араб дипломат ямар ч маргааны үед аль ч талаасаа хаалт саадтай тулгардаг. Гэхдээ эдгээр улсыг жишээ нь, Хятадтай хийдэг харилцаа нь нэгтгэж байна. Ойрхи Дорнодын геополитикийн гол тоглогчид болох улс олон арван жил биенээ сэжиглэж, хоорондын харилцааг нь “хүнд” болон “огт харилцаагүй” хоорондын дунд хэмээн тодорхойлж болохоор аж.
Тус бүс нутаг дахь исламын шиит хийгээд суннит урсгалын гол хүчин болох Тегеран, Эр-Рияд нь Сири, Йемен, Палестин гэсэн холбоотнуудынхаа оролцоотой хоорондоо мөргөлддөг. Тэгэхдээ Иран, Саудын Араб хоёр Ойрхи Дорнодын мөргөлдөөнд оролцлоо хэмээн Израилийг шүүмжилдэг. Мөн Израиль ч, Саудын Араб ч Ираныг цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж, аюулгүй байдалд нь заналхийллээ гэдэг юм. Энэ хоёр улс нь Тегераныг эсэргүүцдэг Вашингтоны холбоотон билээ. Үүний сацуу Иран ч, Саудын Араб ч Израильтай дипломат харилцаагүй.
Харин БНХАУ дээрх гурван талтай бат бөх бөгөөд идэвхтэй харилцаатай төдийгүй Ойрхи Дорнодын түншүүд хоорондынх нь түгшүүртэй байдал Бээжинд огт саад болдоггүй гэнэ. Үүний нууц юу вэ? Юуны түрүүнд Хятад улс тэдгээр түнштэйгээ ойр дотно болох нарийн стратегитай болох нь сүүлийн жилүүдэд төрийн харилцан айлчлал хийсэн жишээнүүдээс илэрхий харагдана. Хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сард Ираны удирдагч Хасан Роухани Хятадад айлчилсан билээ.
ИРАНЫ ХУВЬД АМИН ЧУХАЛ ТҮНШ
Иран улсыг олон улсын бүслэн хаалтад ороход хүргэсэн 1979 оны исламын хувьсгалын ачаар Хятад, Иран хоорондын харилцаа бэхэжжээ. Иран, Иракийн дайны жилүүд (1980-1988)-д Тегераны гол зэвсэг нийлүүлэгч нь Бээжин байв. Цөмийн хөтөлбөрийг нь зогсоохын тулд Иранд авсан хориг арга хэмжээгээ Америк болон Европын холбоо өргөжүүлсэн тэр үед Хятад улс Тегерантай худалдааны харилцаатай байж, өөр хаанаас ч авах боломжгүй барааг нийлүүлж байсан аж.
НҮБ-аас Иранд авсан хориг арга хэмжээг 2010 онд дэмжсэнийхээ дараа ч Хятад улс худалдааны харилцаагаа үргэлжлүүлжээ. Энэ харилцаанаас Бээжин багагүй ашиг олж, Иранаас нефть авахын сацуу тус улс руу ямар ч өрсөлдөөнгүйгээр Хятад улс бараагаа нийлүүлж байв.
Ойрхи Дорнод, Ази, Европ хоорондын уулзвар дээр байрлалтай нь Иран улсад Хятадын орчин үеийн томоохон төслүүдийн нэг болох “Нэг бүс ба нэг зам”-ын нэг хэсэг болох боломж олгосон байна. Энэ санаачилга нь олон улсын худалдааны шинэ зурвас бий болгох бөгөөд “Торгоны замын эдийн засгийн бүс”, “XXI зууны далайн торгоны зам” гэсэн хоёр төслийг холбодог аж. Бээжингийн санаачилгын зорилго нь “Шинэ торгоны зам”-ын стратегийн чухал цэг болох, Өрнөд, Дорно хоорондын худалдааны харилцааг сэргээхэд оршиж буй. Эдгээр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд Хятад улс найман их наяд орчим ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн билээ.
Тэрчлэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед байгуулсан, Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх олон талын хэлэлцээрээс Вашингтон гарсны дараа Хятад, Иран хоорондын харилцаа илүү чухал болжээ. “Вашингтон эргэлт буцалтгүйгээр Хятадын хэд хэдэн компанийг мөрдөн шалгаж, Ирантай бизнес хийж байгаагийнх нь төлөө хориг арга хэмжээ авсан. Гэсэн ч олон компани урьдын адил Иранд идэвхтэй ажиллаж, өөр олон байгууллага Өрнөдийн өрсөлдөгчдийн орхисон зах зээлийг эзэлж байна” гэж Ираны шинжээч Дина Эсфандиари, Ариан Табатабай нар “Foreign affairs” сэтгүүлд бичжээ.
ИЗРАИЛЬ РУУ ЧИГЛЭСЭН ӨНДӨР ТЕХНОЛОГИ БА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Дэлхийн хүчирхэг ямар гүрэн Израильтай холбоотой байдаг вэ? АНУ л шууд бодогдоно. Тэгвэл Хятадтай Израиль улс эдийн засгийн харилцаагаа эрчимтэй хөгжүүлж буй. Өнгөрсөн онд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Бээжинд айлчлах үеэр талууд 25 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан.
Тэр үед Б.Нетаньяхугийн мэдэгдсэнээр Хятадад Израилийн өндөр технологийн салбарт хийсэн хөрөнгө оруулалтын гуравны нэг хувь ногдож байна. Зөвхөн 2016 онд шууд хөрөнгө оруулалт нь 16 тэрбум ам.доллар болсны дийлэнх хувийг Израилийн өндөр технологийн компаниудын хувьцааг худалдан авахад зориулжээ.
Мөн Хятад улс Израилийн аялал жуулчлалын салбарыг идэвхтэй дэмжиж байна. Өнгөрсөн онд Израиль Хятадын 100 мянга гаруй жуулчин очсон нь 2015 оныхоос хоёр дахин олон аж.
Бээжин, Тель-Авив хоёр харилцан биенээ ашиглаж байна гэж Вашингтоны ахлах судлаач Эллиот Абрамс үзэж байна. “Израилийн хувьд Хятадтай харилцах нь бусад улсын тавьсан хоригийн нөхөөс болж байна” гэж Э.Абрамс ярьжээ.
Эдийн засгийн харилцаа нь Хятад улстай улс төрийн тавцанд илүү дотносоход хүргэнэ хэмээн найдаж буйгаа Б.Нетаньяху удаа дараа илэрхийлсэн. Гэхдээ өнөөг хүртэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Бээжин Израилийн төлөө санал өгөөгүй юм.
НЕФТИЭС Ч ИЛҮҮ
Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпин өнгөрсөн оны гуравдугаар сард эх орондоо Саудын Арабын хаан Салман ибн Абдул-Азизыг хүлээн авсан. Энэ нь бараа болон нефтийн хувьд дэлхийн хамгийн том хоёр экспортлогчийн уулзалт болсон юм. Гол төлөв олборлодог түлшнийхээ тухай ярьсан ч уулзалтын төгсгөлд талууд сансар болон сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт эдийн засаг, худалдааны хэлэлцээр байгуулснаа зарлажээ.
“Саудын Араб ойрын ирээдүйд нефтийн үнийг 100 ам.доллар давахгүй гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд хөрөнгөө солонгоруулах талаар бодох цаг болсон” гэж шинжээч Давид Уалаалу ярив. “Үүний сацуу Хятад улс Саудын Арабын нефтийг их сонирхож, тус улсын дэд бүтцэд хөрөнгө оруулах замаар Ойрхи Дорнод дахь оролцоогоо өргөжүүлж байна” хэмээн тэрбээр үзсэн байна.
Саудын Арабын хувьд Хятад нь худалдааны хамгийн том түнш, нефтийг нь авдаг Японы дараа хоёрт орох импортлогч юм. Харин улс төрийн түвшинд тэд биенээ тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй. Тухайлбал, Эр-Риядын ашиг сонирхолд нийцүүлэн Бээжин Йемений Засгийн газарт хусит босогчидтой тэмцэхэд тусалсан. Гэвч Сирид иргэний дайн эхлэхэд Хятад улс Башар Асадын дэглэмийг дэмжсэн билээ. Уг нь саудын арабчууд Б.Асадыг дайснаа хэмээн үздэг билээ.
АМЖИЛТЫН ХИЛ ХЯЗГААР
Хятад улс дээрх гурван улстай харилцааны хүндрэлээс хэрхэн зайлсхийж чадав? “Бүс нутгийн улс төр, шашны мөргөлдөөнд хутгалдалгүйгээр Ойрхи Дорнодын орнуудтай Хятад улс хэзээд тогтвортой харилцаатай байж чадсан. Ийм туйлширсан бүс нутагт хэнийх нь ч талд орсонгүй” гэж Америкийн геополитикийн “Stratford” компанийн шинжээч Эмили Хоуторн онцлов. “Эдийн засгийн талаар л харилцаатай байна гэсэн тодорхой ойлголтыг Хятад улс өгчээ. Түншүүд нь ч тус улстай бизнес эрхлэхдээ баяртай буй. АНУ-аас ялгаатай нь Бээжин ямар ч үзэл суртал тулгадаггүй” гэж тэрбээр нэмж хэллээ.
Нөгөөтэйгүүр, Вашингтоноос ялгаатай нь Бээжин хүний эрхийг хамгаалбал тусламж үзүүлнэ гэдэггүй. Э.Хоуторны хэлснээр Ойрхи Дорнодод Хятадад эрчим хүчний аюулгүй байдал, өндөр технологийн салбарт бизнес эрхлэх боломж, “Нэг бүс ба нэг зам” төсөлд хөрөнгө оруулах гэсэн гурван сонирхолтой. Хятад эдгээр тэргүүлэх зорилтыг улс бүртэй хийх харилцааныхаа үндэс болгож байна.
Бээжингийн стратеги өнөөдрийг хүртэл маш амжилттай байгаа ч Ойрхи Дорнод дахь өргөжин тэлж буй оролцоо нь эргээд асуудал болох өдөр ирж мэднэ гэж Э.Хоуторн таамаглажээ. “Израиль, Саудын Араб дахь Хятадын үйл ажиллагааг Вашингтон анзааралгүй өнгөрөхгүй. Учир нь эдийн засгийн аюултайн дээр Ираны талаар баримталж буй Бээжингийн байр суурь Америкийн хоригийн эсрэг сорилт болж буй” гэж шинжээч Эмили Хоуторн тэмдэглэлээ.