Британийн зэвсэгт хүчний тусгай ангийн байлдагчид “Исламын улс” бүлэглэлийн нэгэн удирдагчийг устгажээ. Сонирхолтой нь, мэргэн буудагч л буудаад онох 1600 метрийн зайнаас пулемётоор буудсан байна. Британийн хэсэг цэрэг Афганистаны умард хэсэгт эргүүлийн нууц ажиллагаа явуулж байгаад “Исламын улс” бүлэглэлийн дайчидтай таарчээ. Тэд дайсны баазыг алсаас ажиглах үеэрээ “Устгагдсан” хэмээх бүртгэлд бичигдсэн тус бүлэглэлийн нэгэн удирдагч амьд явж байхыг олж илрүүлсэн байна. Кабул дахь Тусгай ажиллагааны хамтарсан цэргийн хүчний төв штабаас (SAS) алан хядагчийг устгах зөвшөөрлийг тэд авсан ч мэргэн буучийн винтовгүй байжээ. Тиймээс байлдааны машинд угсрагдсан том оврын пулемётоор буудахаар шийдэж, бууны хошуунд тусгай чиг байрлуулжээ. Энэ үеэр “Исламын улс” бүлэглэлийн удирдагч цэргүүддээ зааварчилгаа өгөн нэг байрандаа 20 минутын турш зогсч байсан тул байлдагчид эхний буудалтаар алан хядагчийг устгажээ. Тус пулемёт нь анх 1932 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн Browning M2 загварын буу бөгөөд цөөнгүй орны зэвсэглэлд ашиглагдсаар байгаа юм. Browning M2 пулемётыг мэргэн буудах зориулалтаар ашиглах практик хамгийн анх Солонгосын дайны үед гарч байсан. Гэхдээ британи байлдагчийн 1600 метрээс дайсныг устгасан тохиолдол бол түүхэнд анхных ажээ. Тиймээс Browning M2 пулемётыг SAS-ийн төв штабт түүхэн гавьяаны дурсгал болгон хадгалахаар болсон байна.