Румыний нийслэл Бухарест хотын Ялалтын талбайд өнгөрсөн баасан гарагт болсон, Засгийн газраа эсэргүүцсэн цуглааны үеэр гарсан мөргөлдөөнд 452 хүн, тэдний дотор 35 цагдаа гэмтжээ. Тус улсын Цагдаагийн газрын төлөөлөгч Мариус Милитариу бямба гарагт телевизээр шууд дамжуулан үзүүлсэн хэвлэлийн хурлын үеэр ийн мэдээлснийг ТАСС агентлаг уламжилсан байна.
Түүний мэдээлснээр гэмтсэн хүмүүсийн 70, тэдний дотор 11 нь эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Эмх замбараагүй байдлын үеэр 33 хүн саатуулсны наймд нь эрүүгийн хэрэг үүсгэн, нийт 3700 еврогийн 23 торгууль ногдуулжээ. Зодуулсан эмэгтэй цагдаагийн гар буу хулгайлагдсан аж. “Цагдаа нар халдлагад өртөхдөө хамгаалах л арга хэмжээ авсан” гэж М.Милитариу хэлсэн байна.
Талбайд үлдвэл ямар эрсдэлтэй тулгарах талаар хүмүүст тайлбарладаг яриа хэлэлцээний хэсгүүд Цагдаагийн газарт байдаг аж. Цагдаа нар руу чулуу шидэж эхэлсний дараа нийслэлийн захиргаанаас талбайг чөлөөлөх шийдвэр гаргажээ. Эсэргүүцлээ тайван замаар илэрхийлэхийг хүсэж буй иргэдэд хүчирхийлэл үйлдэх гэсэн хүмүүсийн бамбай болохоос зайлсхийхийг М.Милитариу уриалсан байна.
Цуглаанд оролцогчдыг цагдаа нар тараасныг тус улсын Ерөнхийлөгч Клаус Йоханнис зэмлэн буруушааж буйгаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. “Ардчилсан нийгэмд хүн бүр эсэргүүцэх эрхтэй байдаг. Харин улс төрийн байр сууриас хамаараад хүчирхийлэл үйлдэж болохгүй. Ялалтын талбайд цугласан хүмүүсийн олонхын эсрэг цагдаагийнхны хүч тэнцвэргүй оролцоог эрс буруушааж байна.
Хүмүүсийн хүсэл зоригийг хууль сахиулагчид хүчээр дарах гэсэн оролдлогыг зөвтгөж боломгүй. Баасан гаргийн орой болсон үйл явдлын талаар Дотоод хэргийн сайд яаралтай тайлбар өгөх ёстой” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ. Ялалтын талбайд болсон, Засгийн газраа эсэргүүцсэн цуглааныг хилийн чанадад ажиллаж, амьдарч буй румынчүүд санаачлан зохион байгуулсныг эх орондоо байгаа олон хүн дэмжээд, хэдэн арван мянган хүн оролцсон гэнэ. Цагдаагийнхан, цуглаанд оролцогчид хооронд нэг бус удаа мөргөлдөөн болсны дараа хэв журам сахиулагчид нулимс асгаруулагч хий, даралттай ус ашиглан талбайг чөлөөлсөн байна. Фэйсбүүк дэх “Авлига хөнөөж байна” гэдэг группэд энэ долоо хоногийн бямба гарагт Ялалтын талбайд дахин цуглахыг хэдийн уриалжээ.
ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙХ ГЭСЭН ОРОЛДЛОГО УУ
“Цагдаа нар руу чулуу, лонх шидэн, зодолдож, Засгийн газрын ордон руу дайрсныг хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ нь румынчүүдийн цуглаан биш. Румыний харьяатууд гэсэн нэрээр халхавч хийсэн нь маш тодорхой байна” гэж “Romania TV” телевизийн тоймч Бондан Кирияк хэлсэн байна. Төрийн эргэлт хийх гэсэн оролдлого боллоо хэмээн тэрбээр үзжээ. “Энэ бол хүчирхийллийн хөдөлгөөн. Ийм үг сонгосондоо ч айхгүй байна. Тэдэнд (цуглаанд оролцогчдод) удирдагч гэж байсангүй. Хэн энэ хүмүүсийг удирдаад байна вэ” гэж Б.Кирияк асуужээ.
БАРУУНЫ ҮЗЭЛТ СӨРӨГ ХҮЧНИЙ ДЭМЖЛЭГ
Социал демократ нам болон Либералууд, ардчиллынхны эвслийг бүрэлдэхүүндээ багтаасан зүүний төвч үзэлтнүүдийн Засгийн газар огцорч, хугацаанаас өмнө сонгууль явуулахыг (парламентын одоогийн олонх тарахад хүрнэ) цуглааныг санаачлагчид шаардаж байна. “Румыныг ардчилсан улс хэвээр байлгахын төлөө бид тэмцэнэ. Эх орондоо шударга бус байдал, хулгай дээрэм ялахыг бид хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн фэйсбүүк дэх зохион байгуулагчдын мэдэгдэлд дурджээ.
Янз бүрийн мэдээллээс үзвэл тус улсын 3-5 сая иргэн хилийн чанадад ажиллаж байгаагийн дийлэнх нь Баруун Европт буй гэнэ. Авлига газар авсан, цалин бага, хэтийн төлөв бүрхэг учраас Румынээс явсан хэмээн тэдний олонх нь мэдэгдсэн байна. Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй румынчүүдийг барууны үзэлт сөрөг хүчний сонгогчид хэмээн тус улсад үздэг аж. Тодруулбал, 2014 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Клаус Йоханнисийг хилийн чанадад байгаа румынчүүдийн дэмжлэгтэйгээр ялсан гэдэг.
ЦУГЛААНЫ ДАЛД УЧИР ШАЛТГААН
Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдын олонх нь хилийн чанадаас ирсэн румынчүүд бус, суурин байгаа иргэд байсныг ажиглагчид тэмдэглэжээ. “Энэ бол улс төрийн цуглаан” гэж Парламентын доод танхимын дарга, эрх баригч Социал демократ намын тэргүүн Ливиу Драгня RTV телевизээр үг хэлэхдээ мэдэгдээд, сөрөг хүчний бүх нам буюу Үндэсний либерал нам, Румынийг аврахын төлөө холбоо, Ардын хөдөлгөөн нам цуглааныг дэмжсэнийг сануулсан байна.
Эсэргүүцлийн ажиллагаа явуулахыг хоёр долоо хоногийн өмнөөс нийгмийн сүлжээнүүдээр зарлаж байсан хэрнээ мэдэгдэл хүргүүлж байсан холбоод цуглаан зохион байгуулсны хариуцлагыг хүлээж, зохих протоколд хотын эрх баригчидтай хамтран гарын үсэг зурахаас татгалзжээ. Румыний Зохион байгуулалттай гэмт хэрэг болон терроризмтой тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Овидиу Гросуд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Тэрбээр өөрийгөө хилийн чанадад байгаа румынчүүдийн эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулагч хэмээж, цуглааны үеэр хүч хэрэглэхэд уриалсан гэнэ. Мөн хэв журам сахиулах хүчнийхэн хүч хэрэглэх гэсэн үйлдлийг тэвчихгүй гэдгээ Цагдаагийн газрын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хэвлэлийн хурал хийх үеэрээ анхааруулсан аж.
Өдгөө Румынд Үндэсний либерал намаас нэр дэвшин сонгогдсон, барууны төвч үзэлтэй Ерөнхийлөгч Клаус Йоханнис Социал демократ намын төлөөлөгчид буюу зүүний төвч үзэлтнүүд олонх болсон парламент болон Засгийн газартай зэрэгцэн оршиж буй билээ. Улс төрийн энэ зөрчилтэй байдал авлигатай тэмцэх хэлбэрээр гол төлөв илэрч байгаа. Өнгөрсөн хэдэн жил Румыний прокурорууд Социал демократ намын гишүүд голдуу түшмэл, бизнес эрхлэгчийг торны цаана суулгажээ.
Бодит байдал дээр эрх мэдлээ урвуулан ашиглах нь Ерөнхийлөгчийн улс төрийн тэмцлийн арга хэрэгсэл болсон хэмээн Социал демократ намын удирдагчид нотолж байна.