Сүүлийн 20 жилийн хугацаанд Германы мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар бол тус улс шавжныхаа 82 хувийг алдсан аж. Энгийн эрвээхэй, ялаа, шумуул ч бараг харагдахаа больсон гэдгийг судлаачид онцолжээ. Улсынхаа ой, тал, гол, нуурын сав гэхчлэн 63 газарт хийсэн шавжны тооллогоор ийм дүн гарсан байна.
Ялзмаг ихтэй, азотоор баялаг хөрс бүхий газруудад шавжны төрөл, зүйл харьцангуй олон байсан гэнэ. Намгархаг газарт энэ үзүүлэлт эсрэгээрээ тун тааруу гарчээ. Хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан экологийн тэнцвэрт байдал алдагдаж буй нь шавжнууд үгүй болж байгаатай шууд холбоотой гэж тайлбарлажээ.
Олон төрөл, зүйлийн шавж үгүй болсонтой холбоотойгоор зарим ургамал тоосоо тээлгэх “тээвэргүй” болсноор мөн л аюулын ирмэгт хүрээд буй. Энэ талаар “PLOS One” сэтгүүлд нийтэлснээр, Европт шавжнуудын төрөл, зүйл багасаж байгаа бөгөөд тус тивийн “Улаан ном”-д орсон олон зүйлийн есөн хувь нь шавж гэнэ.