Хамгийн өндөр тэтгэврийг Дани улсад өгдөг ч гавьяаны амралтаа өнгөрүүлэхэд хамгийн тохиромжтой нь Норвег. Дашрамд дурдахад, тун саяхан л энэ үзүүлэлтээр Грек улс тэргүүлэгч байв. Тэнд 57 настайгаасаа ажил хийхгүйгээр цалингийнхаа 96 хувийг авах боломжтой байжээ.
Анх тэтгэвэр нь буяны үйлс, нийгмийн хариуцлагатай шууд бус холбоотой байв. Манай эриний өмнөх I зуунд Гай Юлий Цезарийн толгойд ийм санаа орсон гэдэг. Тэрбээр чөлөөнд гарсан легионеруудад хувиасаа тэтгэмж өгөх замаар алба хааж буй цэргүүдийнхээ итгэлийг олдог байжээ.
Харин өнөөгийнхтэй төстэй, улсын тэтгэврийн анхны системийг Герман гүрний Канцлер Отто фон Бисмарк бий болгосон аж. 1889 оны зургадугаар сарын 22-нд рейхстаг (парламент) хөгжлийн бэрхшээл, өндөр насны даатгалын тухай хууль баталсан байна. Энэ нь жилд 2000 хүртэл маркийн цалинтай ажилчин, үйлдвэрийн албан хаагчдад 1891 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлжээ. Тэр үед тэтгэвэрт 70 настай гарахыг зөвшөөрдөг. Гэсэн хэрнээ тус улсын дундаж нас 45 байв.
Араас нь мөн онд Дани улс өндөр насны тэтгэвэр олгодог болжээ. Германых шиг хуулийг Англид 1908, харин 1910 онд Дани, Английн жишгийг Франц улс дагасан байна. Гэхдээ энэ тэтгэврийг иргэдийн тодорхой хэсэгт л өгдөг байсан бол Шведэд 1913 онд нийтийн тэтгэврийн тухай хууль баталжээ. Тус улсын иргэдийн дундаж нас 56 байхад тэтгэвэрт гарах насыг 67 гэж тогтоосон байна.
Дэлхийн II дайны дараа капиталист орнууд иргэд, өндөр настныхаа амьжиргааны түвшнийг хуучин ЗХУ болон социалист системийн орнуудтай өрсөлдөх хүрээнд дээшлүүлэх хэрэгтэй болжээ. Үүний үр дүнд тэтгэвэрт гарах насыг бууруулж, мөнгөний хэмжээ нь өссөн байна. Эдийн засгийн эрчимтэй өсөлт энэ чиг хандлагыг 1990-ээд он хүртэл хэвээр үргэлжлүүлэх боломж олгосон байна.
ТЭТГЭВРЭЭР ТЭРГҮҮЛЭГЧ
Ажил хөдөлмөр эрхэлдэг хүн бүр цагийн эрхээр тэтгэврийн талаар бодож, авдгаа бусад улсынхтай харьцуулахыг оролддог. Зарим нь бүр хаашаа явбал тайван амьдарч болохыг тэтгэврийн тогтолцоог нь судлах замаар сонирхдог. Гэтэл тэтгэвэр авахын тулд төчнөөн жил ажилласан болон амьдарсан байх ёстой гэсэн шалгуур тавьдаг болжээ.
Өөрөөр хэлбэл, дэлхийд хамгийн өндөр тэтгэвэр өгдөгт тооцогддог Дани руу гавьяаны амралтад гарах (67 нас)-ын өмнөх жил цагаачлан очлоо гэхэд тэтгэвэр авах боломж байхгүй. Гадаадын иргэн ямар нэг тэтгэмж авахын тулд тус улсад наад тал нь 10 жил амьдарсан байх ёстой гэнэ.
Бүтэн тэтгэврийг тус улсад 40-өөс доошгүй жил амьдарсан хүнд өгнө. Нэгээр цөөн жил амьдарсан бол 1/40-өөр бодож олгоно. Өөрөөр хэлбэл арваар цөөн жил аж төрсөн бол үндсэн цалингийн дөрөвний нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгө олгоно. Ингэхлээр жилд 10 800, сард 900 ам.доллар болно. Тиймээс энэ мөнгөний дөрөвний нэг хувь гэхээр сард ердөө 225 ам. доллар авах юм.
Данийн 2800 ам.долларын тэтгэврийн үлэмж хэсэг нь албан болон сайн дурын гэсэн хуримтлалаас бүрддэг. Тэгэхдээ хүмүүсийн талаас илүү хувь нь сайн дурын хуримтлал үүсгэсэн байдаг. Үнэндээ сайн дурынх гэж байгаа ч ажил олгогч, үйлдвэрчний эвлэлүүд хоорондын гэрээгээр бараг л заавал төлөх ёстой хуримтлалаас ялгаагүй гэнэ. Өндөр тэтгэвэр авахын тулд Данид 40 жил ажилласан, тэгэхдээ ямар нэг санд байнга төлбөр хийсэн байх ёстой.
Монголын 27 настнууд 40 жилийн дараа өндөр тэтгэврийн төлөө Дани улсыг зорьж болох. Гэхдээ гавьяаны амралтад гарах үед таагүй өөрчлөлт гарах магадлалтай. Жишээ нь, 2050 он гэхэд тус улсад тэтгэвэрт гарах нас 72 болж магадгүй. Бусад гэнэтийн өөрчлөлт гарахыг ч үгүйсгэх аргагүй юм байна.
Одоогоос 10 гаруй жилийн өмнө тэтгэврийнхний хувьд хамгийн тааламжтай улс нь Грек байсан. 2005 онд энд 57 настай хүн тэтгэвэрт гардаг, хамгийн өндөр тэтгэвэр тогтоолгосон хүн 2700 евро авдаг байв. Тэр үед дундаж цалин нь 2000 орчим евро, тэтгэвэр нь цалингийн 96 хувьтай тэнцдэг байжээ. Харин 2008 оны хямралын дараа энэ хувь 85 болсон гэнэ.
Тус улсын эдийн засгийн байдал улам муудсаар 2012 онд тэтгэврийн насыг 67 болгоор ярьж байсан бол өдгөө 70 гэх болжээ. 2009 онд сарын дундаж цалин 1350 евро байсан бол өнгөрсөн онд 700 болсон гэнэ. Одоо Грекийн тэтгэврийн доод хэмжээ 360 евро.
УЛС ОРНУУДЫН ЖИШИГ
Франц, АНУ-д төвтэй “Natixis global asset management” байгууллагаас гаргадаг дэлхийн тэтгэврийн индексээс үзвэл өнгөрсөн онд Норвег, Швейцар, Исланд жагсаалтыг тэргүүлжээ. Энд Швед дөрөв, Дани найм, Финланд 12 дугаарт жагссан байв. Өөрөөр хэлбэл, Скандинавын бүхэлдээ эхний 12-т багтсан гэсэн үг юм.
Норвег тэргүүлсний учир нь тус улс тэтгэврийн тогтолцоог 105 жилийн өмнө нэвтрүүлсэн Швед, тэтгэврийн үнэмлэхүй хэмжээ тогтоож чадсан Данийн загварыг хэрэгжүүлсэн аж. Үүний дээр Норвеги улсын тэтгэврийн сандаа хөрш орнуудынхаа жишгээр нефтийн хөрөнгө оруулалт хийжээ. Тус улсад тэтгэврийн “Норвег”, “Дэлхийн” гэсэн хоёр сантай. Эхнийхийг урьд нь Даатгалын төрийн сан, хоёр дахийг Нефтийн төрийн сан гэдэг байв.
Норвегийн Тэтгэврийн төрийн сан 2017 онд зузаатгалын үнэмлэхүй дээд амжилт тогтоож, 130 тэрбум гаруй ам.доллартой болжээ. Нефтийн орлогоос үүний 40, тус сангийн хөрөнгө оруулалтын орлого (өнөөдөр нэг их наяд ам.доллар давсан)-оос 60 хувийг бүрдүүлсэн байна. Өнгөрсөн онд тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын орлого бараг 14 хувьд хүрчээ. Гэхдээ энэ нь тэтгэврийн тогтолцоо нь ямар ч асуудалгүй гэсэн үг биш гэнэ.
Хүн ам нь хөгширч байгаа нь Европ дахины нийтлэг, тэр дундаа Скандинавын орнуудын хувьд тулгамдсан асуудал болжээ. Учир нь амьжиргааны өндөр түвшин өндөр наслахад хүргэж байна. Гэвч төрөлт буурсан нь хачирхалтай аж. Нас дээр гарсан хойноо тайван, хангалуун амьдарна гэсэн итгэл хоёр, түүнээс олон хүүхэдтэй болох шалтгааныг бууруулдаг.
Өөрөөр хэлбэл, үр хүүхдийн гар харахгүй гэсэн үзэл тогтдог аж. Тиймээс Норвег 2006 онд тэтгэврийн тогтолцоогоо шинэчилж, 2011 оноос хэрэгжүүлж эхэлжээ. 75 нас хүрч байж тэтгэвэрт гаргахаар заасан ч тодорхой нөхцөлд 62 настай гардаг гэнэ.
Швейцарт эмэгтэй хүн 44, эрэгтэй нь 45 жил ажилласан тохиолдолд улсаас сард 950 орчим еврогийн тэтгэвэр олгодог. Амьдралын өртөг өндөр Швейцарьт энэ нь амьжиргааны доод түвшинд нийцэх аж. Тиймээс иргэдийн олонх нь тэтгэврийн бие даасан хөтөлбөрүүдэд оролцдог. Хэрэг дээрээ хүмүүс тэтгэврээ өөрсдөө хуримтлуулдаг гэнэ.
Гэхдээ энэ нь тэтгэврийн асуудал байдаггүй гэсэн үг биш аж. 1948 онд тэтгэврийн даатгалын тогтолцоотой болсны дараа хүйс харгалзахгүй 65 настай гавьяаны амралтад гарах ёстой гэсэн хязгаартай болжээ. 1972 онд 62 болсныг 1994 онд 64, шинэ зуунд 65 болгосон аж.
Сүүлчийн хувилбараар өнгөрсөн онд бүх нийтийн санал хураалт явуулахад швейцарчууд дэмжээгүй ч эрх баригчид нь иргэдээ ятгахыг оролдсоор байгаа гэнэ. Асуудал хүйсийн тэгш эрхэд бус, эдийн засагчдын тооцоолсноор одоогийн тогтолцоогоор бол 2030 он гэхэд тус улсад тэтгэвэр олгоход 53 тэрбум франк (1 швейцар франк= 1.01 ам.доллар) дутна.
Исландад тэтгэвэрт гарах насаа иргэд нь өөрсдөө сонгодог. Олонх нь 65-69 насандаа “суудаг”. Учир нь эрт “гарахаар” тэтгэвэр бага авах болдог аж. Дундаж наслалт нь 80 давдаг тус улсад хүн ам зүйн ноцтой асуудал тулгарахаар байгаа гэнэ. Улсаас олгодог тэтгэвэр хөдөлмөрийн хөлсний ердөө есөн хувьтай тэнцдэг ч үндсэн хэсэг нь хуримтлалд ногддог. Үүнийг ажиллах ёстой хамгийн бага хугацаа болох 40 жилд бий болгодог. Ийм олон жил ажиллаж байж хамгийн өндөр тэтгэвэр авдаг байна.
Эцэст нь, дээр дурдсан орнуудын иргэд ирээдүйн тэтгэвэртээ хөрөнгө оруулах стратегийг хэр зөв сонгохоос гавьяаны амралтаа хэр өнгөрүүлэх нь шалтгаалах аж. Гэхдээ хэр найдвартай стратеги болохыг цаг хугацаа л харуулах байх. Гэхдээ энэ хоёр ноцтой саад бий. Эхнийх нь иргэдийн олонх нь хөдөлмөрийн чадвар алдсан хүнд улсаас санаа тавих ёстой гэсэн бодол.
Хоёрдугаарх нь санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал. Тэтгэврийн хөрөнгө оруулалтын таагүй нөхцөл орлого бүү хэл алдагдалд оруулж, тэтгэврийн системийн өндөр настай оролцогчдыг гар хоосон үлдээхэд хүргэдэг. Харин манай улсад ажил хийж байгаа хүн дээр дурдсанчлан ирээдүйн тэтгэвэртээ хөрөнгө оруулах стратеги, эсвэл сонголт гэж байхгүй.