Өмнөд болон Умард Солонгос энэ сарын 13-наас сайд нарын түвшний урьдчилсан хэлэлцээ хийж, дээд хэмжээний уулзалт дахин хийх боломжийн талаар ярилцах тухай “Yonhap” агентлаг мэдээллээ. Хэлэлцээ хилийн Панмүнжом цэг дэх цэрэггүй бүсэд болно. Энэ үеэр Панмүнжомын тунхгийн хэрэгжилтийг түргэтгэх боломж, дээд хэмжээний уулзалтыг амжилттай явуулахад шаардлагатай асуудлуудыг хэлэлцэнэ гэж БНСУ-ын Улс үндэстнээ нэгтгэх хэрэг эрхэлсэн яамнаас мэдээлжээ.
Ирэх долоо хоногт болох хэлэлцээнд оролцох Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг тус яамны сайд Чо Мён Гюн тэргүүлэх аж. Энэ нь он гарснаас хойших Солонгос хоорондын өндөр түвшний дөрөв дэх уулзалт болох юм.
Солонгосын дайн (1950-1953) дууссаныг зарлах зөвшөөрөл өгөхийг АНУ-д БНАСАУ шаардав. Ингэвэл тус бүс нутагт энх тайван байдал тогтож, харилцан итгэлцэл бэхжинэ гэж Умард Солонгосын “Rodong sinmun” сонинд нийтэлсэн тайлбарт дурдсаныг “Yonhap” уламжлав. БНАСАУ, АНУ-ын хооронд үл итгэлцэл, дайсагнал байх нь огт зохимжгүй, дайн дууссаныг зарлах цаг болжээ хэмээн тус сонинд тэмдэглэсэн байна.
Дөрөвдүгээр сарын 27-нд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар Солонгосын дайн дууссаныг зарлахаар тохиролцсон. Ингэснээр байлдааны ажиллагааг түр зогсоосон түр эвлэрлийг тус хойгт байнгын энх тайван байдал тогтоох тухай гэрээ байгуулах юм.
Мөн өнгөрсөн зургадугаар сарын 12-нд Сингапурт АНУ, БНАСАУ-ын хооронд түүхэн дээд хэмжээний анхны уулзалт болсон. Уг уулзалтын дараа Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Ким Жөн Ун нар хамтарсан мэдэгдэл гаргасан билээ. Түүнд тухайлбал, Пхеньян Солонгосын хойгийг бүрэн цөмийн зэвсэггүй болгоход бэлэн гэдгээ зарлаж, АНУ аюулгүй байдлын баталгааг БНАСАУ-д гаргаж өгөх үүрэг хүлээсэн юм.
Үүний сацуу АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео сүүлийн хоёр сарын хугацаанд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар тодорхой санал дэвшүүлж, цөмийн зэвсэгт хошууныхаа 60-70 хувийг АНУ, эсвэл өөр гуравдагч талд шилжүүлэхийг хүссэн ч БНАСАУ-ын эрх баригчид хүлээж аваагүй байна. Хэлэлцээний үйл явцын талаар мэдэх хоёр эх сурвалжаас эш татан “Vox” цахим хуудсанд ийн мэдээлжээ. Хамгийн сүүлд М.Помпеог Пёньянд айлчлахад түүнтэй уулзахын оронд төмсний ферм рүү явсан гэсэн тайлбарыг Ким Жөн Уг өгсөн гэнэ. Тиймээс дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэн тохирсноо удирдлага нь хэрэгжүүлэхгүй бол БНАСАУ-д дээд хэмжээний дарамт шахалт үзүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын туслах Жон Болтон “Fox news” ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход шаардлагатай гэвэл Умард Солонгост айлчилж болох юм гэж АНУ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Японы NHK телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.