Өвлийн спортын төрлүүдийн ноён оргил бол хоккей юм. Түүнгүй олимп амтгүй байдгийг бид 2018 оны Пёнчаны наадмаас харсан. Тиймээс энэ спортын тэмцээн уралдаан дэлхийн нийтийн анхаарлын төвд байнга байдаг. Шилдэг хоккейчид нь оролцсон бол бүр ч сүр жавхаатай болдог билээ. Мэдээж тэдгээр хоккейчид олимп, ДАШТ-д оролцвол бүр ч янзтай. Гэвч тэгдэг нь нүдний гэм. ҮХЛ-ийн удирдлага лигийнхээ нэр хүндийг ямагт өндөрт байлгах бодлогын үүднээс хоккейчдоо дээрх тэмцээнд явуулах дургүй. Тэгвэл дэлхийн бүх шилдгүүдийн өрсөлдөөнийг нэгэн дээвэр дор, нэг тэмцээнд үзэх сайхан боломжийг олгодог нэгэн супер тэмцээн байлаа. Тэр бол “Канадын цом”. Өөрсдийгөө дэлхийн №1 гэж тооцсон канадчууд 1972 онд болсон Супер цувралд ЗХУ-ын шигшээд гутамшигтай ялагдсан. Тиймээс Зөвлөлтүүдтэй тэмцээн уралдаанд өрсөлдөн туршлагажиж байхгүй бол дийлэхгүй юм байна гэж ухаарсан тэд “Канадын цом” хэмээх тэмцээнийг зохиох болсон.Зөвлөлт, Канадын хоккейчид энэ тэмцээнд өрсөлдөхдөө шууд утгаараа зодолддог байлаа. Ялсан нь хэдэн жил яригдах гавьяатай болж, ялагдсан нь олон сарын турш шүүмжлэл, доромжлолд булуулна.
Гэхдээ Канадын цом олон зохиогдоогүй. 1976-1991 оны хооронд ердөө таван удаа болоход талбайн эзэд дөрөвт нь түрүүлж, 1981 оны тэргүүн байрыг ЗХУ-д алдсан юм. Харин АНУ, Чехословак, Шведийн шигшээ тус бүр нэг удаа дэд аварга болж байв. “Канадын цом” ийнхүү цөөн тоотой зохиогдсон ч гэлээ хоккейн түүхэнд тод ул мөрийг үлдээсэн юм. Тус тэмцээний чанар чансаа олимп, болон ДАШТ-ийг ардаа хол орхиж байсан бөгөөд тухайн цаг үеийн шилдгийн шилдэг тоглогчид бүгд түүнд оролцдог байв. Тухайлбал, Уэйн Гретцки, Марио Лемье, Сергей Макаров, Вячеслав Фетисов нар бүр тэмцээнд хүч үзсэн байдаг.
Канадчууд дээрх уламжлалаа дахин сэргээх үүднээс Дэлхийн цом нэртэй тэмцээнийг 1996 онд эхлүүлж байв. Тус тэмцээн өмнөх шигээ өндөр түвшинд болж, аваргаар нь АНУ шалгаран, агч навчитнууд удаалсан. 2004, 2016 онд дахин зохиогдоход канадчууд түрүүлсэн билээ. Хойд Америкийн хэвлэлүүдийн мэдээлсэнээс харахад Хойд Америкийн мэргэжилтнүүд энэ тэмцээнийг ашиггүй гэж үзэж байгаа гэнэ. Урьдын Канадын цом, хожмын Дэлхийн цомын тэмцээний статистикийг сөхөж үзвэл хоккейн спортын бүх цаг үеийн №1 тамирчин Уэйн Гретцки хамгийн өндөр оноо авсан байдаг. Тэрбээр 39 тоглолтод оролцохдоо 64 оноо аван бусдаас илт тасарчээ. Эндээс харахад Уэйн тоглолт бүрт доод тал нь хоёр оноо авч байжээ. Харин хоёрдугаар байр дахь Сергей Макаровын оноо ердөө 31 байгаа нь Гретцки ямар агуу хоккейчин болох нь харагдаж байна. Ингээд хоккейн спортыг сонирхогчдод зориулж Канадын цомд хамгийн өндөр амжилт гаргасан тоглогчдын үзүүлэлтийг хүргэж байна.
БҮХ ҮЕИЙН ШИЛДЭГ ТОГЛОГЧИД
Тт Г Д О
1. Уэйн Гретцки (Канад) 39 20 44 64
2. Сергей Макаров (ЗХУ) 22 16 15 31
3. Пол Коффи (Канад) 33 6 24 30
4. Владимир Крутов (ЗХУ) 22 14 16 30
5. Марк Мессье (Канад) 32 6 20 26
6. Алексей Касатонов (ЗХУ) 27 3 19 22
7. Марио Лемье (Канад) 15 12 11 23
8. Майк Модано (АНУ) 20 4 17 21
9. Майк Босси (Канад) 15 13 7 20
10. Бретт Халл (АНУ) 17 9 11 20
11.Матс Сундин (Швед) 14 7 11 18
12. Вячеслав Фетисов (ЗХУ) 20 3 15 17
13. Кент Нильссон Швед 19 3 14 17
14. Ги Лефлер (Канад) 14 3 14 17
15. Жильбер Перро (Канад) 11 7 10 17
16. Рэй Бурк (Канад) 24 3 13 16
17. Мишель Гуле (Канад) 16 7 9 16
18. Дени Потвен (Канад) 14 3 13 16
19. Игорь Ларионов (ЗХУ) 26 6 9 15
20. Крис Челиос (АНУ) 31 1 12 13
21. Брент Саттер (Канад) 25 6 6 12
22. Матс Нэслунд (Швед) 20 4 8 12
23. Жо Маллен (АНУ) 19 6 6 12
24. Эд Ольчик (АНУ) 19 2 9 12
25. Сергей Светлов (ЗХУ) 12 7 5 12
26. Кейт Ткачук (АНУ) 12 10 2 12