АНУ-ын Нью-Мексико муж улсын Цагдаагийн газар тусгай ажиллагаа явуулж, алслагдсан цөл газар дахь хуаранд шүдээ хүртэл зэвсэглэсэн хүмүүсийн гарт байсан 11 хүүхэд, гурван эмэгтэйг аварсан тухай ВВС мэдээллээ. Тэд бүгд тураалд орсон байв. 1-15 настай тэдгээр хүүхэд гуталгүй, бас хувцасгүй шахам, өлөн зэлмүүн байсны улмаас турж, эцсэн, гуравдагч ертөнцийг орнуудын дүрвэгсэд шиг харагдаж байв. Тэнд байсан таван том хүний хоёр нь сайтар зэвсэглэсэн байжээ.
“Бид өлсөж байна. Хүнс, ус хэрэгтэй байна” гэсэн мессеж авсныхаа дараа цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулсан гэнэ. Автомашины дугуйн хаймар зэргээр бэхэлсэн, газар доорх хонгил зам бүхий цэргийн хуаран шиг уг газарт хүүхдүүд ямар учраас очсон нь тодорхойгүй байна. Тэнд ус дамжуулах хоолой, цахилгаан байхгүй, хуванцраар халхалсан жижиг трейлерийг сууц болгон ашигласан байж.
Хүүхдүүд их өлсөж, цангасан, хирэндээ баригдсан байсныг Таос тойргийн Цагдаагийн газрын дарга Жерри Хогреф NBC телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ. “Би 30 жил цагдаагийн байгууллагад ажиллаж байна. Ийм юм огт харж байсангүй. Хүүхдүүд тураад, хавирга нь “гозойсон”, маш их айдастай. Их бохир заваан газар байсан” гэж тэрбээр ярьсан байна. Хуаранд цэвэр ус байхгүй, идэх юм гэвэл төмс, цагаан будаа л байсан гэнэ.
Тусгай ажиллагааны үеэр зэвсэглэсэн хоёр этгээдийг гурван эмэгтэйн хамт баривчилжээ. Эмэгтэйчүүдийг олдсон хүүхдүүдийн ээж байх гэж таамагласан байна. Баривчлагдсан хоёр этгээдийн нэг нь төрсөн гурван настай хүүгээ хулгайлсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсныг тодруулжээ.
Олдсон хуаран хэт давруу үзэлтнүүдийн бэлтгэлээ хийдэг бааз байж болохыг цагдаагийнхан үгүйсгээгүй байна.