Гишүүн орнуудад нь ирж байгаа дүрвэгсдийг Герман, Их Британи (дүрвэгсдийн олонх нь эдгээр улсыг зорьдог)-ийн хил рүү тус тивийн аль ч хэсгээр дамжин нэвтрүүлэхгүй гэхийн оронд хамгаалалттай нутаг дэвсгэрт цуглуулаад, хэн болохыг нь тогтоогоод, нутаг буцаах уу, эсвэл аль нэг улс руу улс төрийн орогнол эрэгчийн хувиар түр оршин суулгахаар илгээх үү гэдгээ аль болох хурдан шийддэг болох хэрэгтэйг цагаач, дүрвэгчийн хурц хямрал эхэлснээс хойш гурван жилийн дараа Европын холбоо ойлгосныг ажиглагчид тэмдэглэсэн байна.
Гэхдээ тус холбоо хүмүүнлэг, ардчилсан арга замыг урьд нь туршиж байсан нь Шенгений тогтолцоог бараг л сүйрэлд хүргэж байв. Учир нь тус тивийг бүхэлд нь хамарсан шийдвэр гарахыг хүлээж ядсан Европын холбооны орнууд дүрвэгсдийн цувааг хянах гэсэндээ холбоон доторх хилүүддээ хяналт тавьж эхэлжээ.
Европын комисс өнгөрсөн сарын 24-нд нийтэлсэн саналдаа Европын холбооны хил залгаа орнуудын нутаг дэвсгэрт (Газар дундын тэнгисийн хойд хэсгийн орнуудад юуны түрүүнд) дүрвэгсдийг эхлээд байрлуулж, ангилан, ялгахад зориулж хуаран байгуулахыг санал болгосон байна.
Цагаач, дүрвэгч суулгасан завийг (нэг завинд 500 хүн байна гэж тооцно) буулгахад туслах хэсэг нь 50 хилчин, 50 орчуулагч, цагаачийг хөөх шаардлага гарсан тохиолдолд ашиглах 20-40 хамгаалагч, нутаг буцаах асуудал хариуцсан 5-10 түшмэл (арилжааны нислэгт нутаг буцаах нэг цагаач, хоёр хамгаалагчийн суудал заавал гаргадаг)-ээс бүрдэнэ.
Орогнол эрэгчдийн асуудлыг шийдэх хэсэг нь шилжилт хөдөлгөөний асуудал хариуцсан 35 түшмэл (орогнох эрх авах хүмүүсийг сонгоно), хүсэлтийг боловсруулах 35 мэргэжилтэн, сайн дураар буцах асуудал хариуцсан 25 мэргэжилтэн (орогнох эрх олгосны дараа Европын холбоонд үлдэхгүй байхаар шийдсэн цагаачдад үйлчилнэ), 50 орчим орчуулагчаас бүрдэнэ.
Нэмээд Европын Цагдаагийн газрын мэдээллийн терроризмтой тэмцэх баазад бүртгэгдсэн, эсэхийг нэмж шалгах 20 цагдаа, тэрчлэн хуарангийн эрүүл ахуй, ариун цэврийн байдалд хяналт тавих эмнэлгийн ажилтнууд гаргаж өгнө (Цагаач, дүрвэгсдэд зориулсан хяналтын төвүүд байгуулах тухай Европын комиссын төслөөс) Ийм хуаран байгуулах нь хяналттай газар хүлээн авч, суурьшуулах, Европын холбоонд хэн улс төрийн орогнох эрх авах азтайг, эсвэл эхний нислэгээр нутаг буцах, мөн Европт ирсэн улс руу нь илгээх нэгнийг газар дээр нь ялгах зорилготой аж.
Газар дундын тэнгисийг гатлахаасаа өмнө аль улсын харьяат болохыг нотлох баримт бичгээ санаатай устгасан хүмүүс байх магадлалтай.
Европын комиссын төлөвлөсөн ёсоор бол хяналтын төвүүд нь Европын холбооны нутаг дэвсгэрийг зорин аль боомтод бууснаас үл хамааран цагаачдын очих эхний цэг болох юм байна. Тэдгээр төв нь оршин буй улсынхаа мэдэлд байх гэнэ. Мөн эргийн хамгаалалтын багийнхан, аюулгүй байдал болон хүчээр нутаг буцаах асуудал хариуцсан мэргэжилтнүүд, тэрчлэн цагаачлал хариуцсан шинжээчидтэй нягт холбоотой ажиллах юм.
Ашиглалтын бүх зардлыг Европын төсвөөс гаргах ба ийм төвд авсан цагаач нэг бүрт 6000 евро оногдохоор тооцох гэнэ. Энэ нь нэн түрүүнд шаардлагатай эд зүйлс, байрны зардал аж.
Тэрчлэн цагаачдыг улсуудад хуваарилах талаар эв санаа нэгтэй Европын холбооны гишүүд хоорондын асуудлыг зохицуулах төв байгуулах боломжийг Европын комисс хангах гэнэ.
СТАТУС
Цагаач, дүрвэгсдийг ангилахын тулд Европт үлдэх эрхтэй хүн мөн, эсэхийг тодорхойлох мөрдөн шалгалтыг удаахгүй хийх зарчимтай болох шаардлагатай. Энэ талаар тус холбоонд ямар ч асуудал байхгүй. Хууль бусаар хил нэвтэрсэн хүмүүсийг улс төрийн дүрвэгч болон эдийн засгийн цагаач гэсэн хэсэгт хуваадаг.
Өөрөөр хэлбэл, Алеппо хотод болсон байлдааны ажиллагаанаас жишээлбэл, амь дүйн зугтаж, Турк дэх дүрвэгсдийн хуаранд очсон Сирийн гэр бүл байлдааны ажиллагааны бүсээс гаралтай учир дүрвэгч гэсэн статустай болох бүрэн эрхтэй. Харин Эритрейн ядуурал, өлсгөлөнгөөс зугтсан гэр бүл эдийн засгийн цагаачид тооцогдож, тус улсад дайн болоогүй учир нутаг буцах ёстой хүмүүсийн тоонд орно. Иракаас ирэгсдийг чухам аль бүс нутгаас гаралтайгаас статус шалтгаалдаг.
Европын холбооноос аюулгүй хэмээн хүлээн зөвшөөрсөн орнуудаас гаралтай хүмүүст орогнох эрх олгохгүй гэх аргагүй. Мэргэшсэн өмгөөлөгчийн ажиллагаа энд их шаардлагатай. Учир нь тухайн хүн эх орондоо улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг, эсвэл бэлгийн чиг хандлагын улмаас үнэхээр мөрдөн байцаагдах аюултай байгаа, эсэхийг баримтаар нотлох хэрэгтэй болдог.
Тиймээс цагаачдын олонх нь амар, хялбарыг бодож, бүх бичиг баримтаа устгаад, өөрсдийгөө Сири, эсвэл Иракийн иргэн гэдэг. Хурууны хээгээ таниулахгүй гэсэндээ тэр хүмүүс гарынхаа үзүүрийг хүчлээр шатаадаг аж. Ливид энэ их түгээмэл ажиллагаа бөгөөд хүмүүсийг хууль бусаар хил нэвтрүүлэх үйлчилгээ үзүүлдэг этгээдүүд уг аргыг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог байна.
Янз бүрийн мэдээгээр уг үйлчилгээ 100-300 ам.долларын өртөгтэй гэнэ. Ийм үйлчилгээ авсан хүмүүсийн үнэн бодит байдлыг тогтооход Европын хил, цагаачлалын албаны ажилтнууд олон цаг, их хүч зарцуулахад хүрдэг байна.
Бас сүүлийн үеийн “iPhone” гар утастай, хэдэн мянган еврогийн авлига, эсвэл тээврийн зардал төлөхөд бэлэн дүрвэгчид гэсэн ангилал бий гэнэ. Хэдий ийм хүн олон байдаггүй ч гэрэл зургууд нь Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гардаг нь дайнаас дүрвэгсдийн нэр хүндэд их сөргөөр нөлөөлдөг аж.
Ихэнхдээ ийм хүмүүс маш боломжийн амьдралтай, заримдаа амьжиргааны түвшин харьцангуй өндөр газар бизнес эрхлэгчид байх нь бий. Тэд Африк, Ойрхи Дорнодод өргөн тархсан “Одоо Европ хүн бүрийг хүлээн авч байна” гэсэн цуу ярианд хууртсан байдаг. Дашрамд хэлэхэд, бодит байдлыг мэдэрсэн, тийм цөөнгүй хүн сэтгэл санааны болон эд материалын алдагдлаа тооцохоор хилэгнэн буцахад хүрдэг аж.
ХИЛИЙН ЧАНАДАД
Бохир ажлаа бусдад нялзаах гэсэн санаа Европын холбоонд байсаар л байна. Цагаач, дүрвэгсдийг хүлээн авах хуарангаа эхлээд холбооныхоо нутаг дэвсгэрээс гадна байрлуулахаар төлөвлөж байсан гэнэ. Тодруулбал, Турк, Ливи, Мароккод хуаран нээгээд, цагаачдын хувь заяаг тэдгээрт шийднэ. Дүрвэгч байх эрхтэйг нь Европын холбоо тив рүүгээ тээвэрлэх нь. Эдгээр хуаран дахь ажлын зардлыг Брюссель гаргаж, дээрх гурван улсын эрх баригчид “зохион байгуулалтын бага зэрэг ажил” л хийнэ хэмээн мэдэгдэж байсан юм.
Европын холбооны гишүүн 28 улсын удирдагчид зургадугаар сард уулзахдаа дээрх асуудлаар мэдэгдэл гаргасан. Түүнд Европын комисс холбооныхоо хил залгаа улсуудад цагаачдыг шалгах төвүүдээ байгуулах ажлыг хариуцахаар тусгасан байна.
Хүлээсэн үүргийнхээ дагуу ажиллаж байгаагаа Европын комисс өнгөрсөн долдугаар сарын турш мэдэгдсэн ч Европын мөнгөөр, сайн дураар тийм хуаранг нутаг дэвсгэртээ байгуулах ядаж ганц улсыг нэрлээч гэсэн сэтгүүлчдийн асуултад хариу огт өгч чадаагүй юм. Хариу өгөөгүйд гайхах зүйл үгүй гэж хэвлэлүүд ч тэмдэглэж байна.
ТУРКИЙН ТРАНЗИТ
Хуаран байгуулах ажлыг гурван жилийн өмнөөс хэрэгжүүлэх боломжтой байсан. Цагаачлалын хямрал савнаасаа хэдийнэ хальсан энэ үед уг асуудлыг хөндөхгүй, олон зуун мянган дүрвэгчийг хүлээн авах талаар яаралтай шийдвэр гаргах хэрэгтэй юм. Үнэн хэрэгтээ 2015 онд Европын холбоо цагаачлалын шалгалтад бүдэрсэн. Тэр жил тус тивийн өмнөд нутгийн орнуудад л гэхэд бараг бүгд хууль бусаар нэг сая гаруй цагаач, дүрвэгч очсон билээ.
Европчууд хариуд нь юу хийсэн бэ? Газар дундын тэнгисээр дамжсан цагаачлалыг хянахаар “София” ажиллагаа явуулсан. Европын холбооны нутаг дэвсгэр даяар 160 мянган цагаач, дүрвэгчийг тараан байрлуулахаар зөвшилцсөн. Зургаан тэрбум евро амлан, цагаачдад хилээ хаахыг Туркийн эрх баригчдад ятгасан. Энэ гэрээ тийм ч цэвэр болоогүй. Эхлээд гурван тэрбум евро амлаж, хагас жил туркчүүдийг визгүй зорчуулах, тус улсыг Европын холбоонд элсүүлэх хэлэлцээнд ахиц дэвшил гаргахаар амлаж байсан.
Тус холбооны гишүүн болох заалт зарчмын хувьд биелэх боломжгүй. Туркийг элсүүлэхийг Кипр, Грек, Франц, Герман улс шууд эсэргүүцэхийн сацуу Европын холбооны гишүүн бусад орны олонх нь дэмжихгүй гэж мэдэгддэг. Туркүүд хилээ хааж, Газар дундын тэнгисийн зүүн хэсгийн Сири, Иракаас Грек, Балканы орнууд руу чиглэсэн дүрвэгсдийн цувааг зогсоосон. Үүнийхээ оронд гурван тэрбум евро авчээ.
Харин хүний эрхийн асуудлын улмаас визгүй зорчих асуудал зогссон. Үлдсэн гурван тэрбумыг Европын холбоо өнгөрсөн зургадугаар сараас өгч эхэлсэн байна.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд дүрвэгсэд загасчныхаас эхлээд үлээдэг завиар хүртэл Газар дундын тэнгисийг гаталсан, цаашид ч энэ цуваа тасрахгүй. 2015 онд дүрвэгсэд тэнгис гатлах хэрэгтэй байсан бол өнгөрсөн онд Ливийн эргээс холдож, гамшгийн дохио илгээхэд “хангалттай” болжээ.
Энэ хугацаанд Грек, Италиас 160 мянган цагаачийг шилжүүлэхээр тохиролцсон боловч өнөөдрийн байдлаар Европын холбооны бусад улс руу 30 гаруй мянгыг л явуулж чадсан байна. 2015 оны эхнээс хойш энэ жилийн дунд үе хүртэл Европын холбоонд хууль бусаар хоёр сая гаруй хүн очжээ.