АНУ-ын эрх баригчид энэ сарын 23-наас татвар авч эхлэх Хятадын барааны жагсаалтаа нийтэлжээ. Шинэ арга хэмжээний хүрээнд жилийн эргэлт нь 16 тэрбум доллароор хэмжигддэг 279 нэр төрлийн, тухайлбал, хуванцар, хагас дамжуулагч, шилэн кабель зэрэг бараанаас Америкийн гаалийнхан татвар авах гэнэ. Тус хоёр орон хоорондын худалдааны хэлэлцээнд АНУ-ыг төлөөлж оролцдог Роберт Лайтхайзерийн мэдээлснээр эдгээр бараанд 25 хувийн татвар ногдуулж буй аж.
Үүнийг Бээжингийн явуулдаг худалдааны шударга бус ажиллагаа, тодруулбал, Америкийн технологи, оюуны өмчийг ашигладгийн хариуд авч буй гаалийн тарифыг хөндсөн хоёр дахь арга хэмжээ хэмээн АНУ-ын эрх баригчид тайлбарлав.
Үүнээс өмнө Д.Трампын засаг захиргаа ган, хөнгөн цагаан барааны импортын татварыг нэмж, гаргасан уг шийдвэрээ үндэсний аюулгүй байдалтай холбон тайлбарласан билээ.
Худалдааны энэ дайны хариу арга хэмжээг БНХАУ авч, Америкийн бараанаас авдаг татвараа нэмсэн. Бээжин 60 тэрбум долларын бараанд 25 хувийн татвар ногдуулахаар бэлтгэж буйгаа хэдийнэ мэдэгдсэн. Тус хоёр улс хоорондын худалдааны энэ маргаан хэзээ дуусах нь тодорхойгүйг эдийн засагчид тэмдэглэжээ. Шинэ арга хэмжээ уг маргааныг улам л хурцатгахыг тэд онцлов.
Хятадаас авдаг бараа, бүтээгдэхүүнд татвар ногдуулбал дотоодод худалдах үнэ нэмэгдэж, хэрэглэгчдэд дарамт учирна гэж АНУ-ын бизнес эрхлэгчид анхааруулсан боловч Д.Трампын Засаг захиргаа Хятадын бараанаас татвар авах хоёр дахь арга хэмжээгээ ийнхүү зарлалаа.