Хэдхэн арван жилийн дотор БНСУ газар тариалангийн орноос тэргүүлэгч эдийн засагтай, автомашин, цахилгаан бараа экспортлогч болсон. Яаж ийм амжилтад хүрэв? Магадгүй тэд бүгдийг аянгын хурдаар хийдэгт учир оршин байж болох юм гэж ВВС-гийн Мэтт Кроуфорд таамаглажээ.
Нийслэл Сөүл хотын өмнөд дүүрэгт орших “Ttobagi driver” гэдэг жижиг ресторанд хоол захиалаад, ямар хугацааны дараа авчирч өгөхийг сэм шалгав. Ширээ хооронд яаралгүй явах зөөгч ердөө хоёр минут 20 секундийн дараа халуун ногоо ихтэй кимчи, бусад амтлагчтайгаа эргэн ирлээ. Дахин нэг минут хагасын дараа миний ширээн дээр халуун хежангүг (шартсан үед хамгийн тохиромжтой шөл гэж солонгосчууд ярьдаг) авчрав. Дашрамд хэлэхэд, үйлчлүүлэгчид нь цайны мөнгө үлдээдэг заншилгүй улсад ингэж үйлчилж байна. Олны хөлийн газарт бус, зам зуурт таарах, таксийн жолооч нар голдуу үйлчлүүлдэг энэ рестораны үйлчилгээ бусдаас онцгой биш.
Өмнөд солонгосчуудын ертөнцийг үзэх үзлийн гол онцлогуудын нэг нь хурд. Энэ нь тус улсын нийслэлд юуны түрүүнд анзаарагддагт гайхах явдалгүй. Тэд үүнийгээ “бали, бали” гэх соёлтойгоо холбон тайлбарладаг. Бали, бали гэдэг нь “хурдан, хурдан” гэсэн утгатай бөгөөд бүгдийг аль болох хурдан түргэн хийхийг чармайдаг, цаг алдах дургүй солонгосчуудын яаруу занг бэлгэддэг аж. Уг соёл нь дэлхийд хамгийн хурдан интернэт, бараг л хэдхэн долоо хоногийн дотор сургана гэж амладаг гадаад хэлний дамжаа, тус улсад хамгийн алдартай спид-дейтинг (speed-dating буюу хүмүүс бие биетэйгээ аль болох хурдан танилцах боломж олгодог блиц уулзалт, мини үдэшлэг)-ийг ч илтгэнэ. Ийм сэтгэл хөдлөм хурдаар солонгосчууд харилцаж, амралтын өдрүүдэд гэрлэх ёслолын тансаг орднууд тоймгүй олон хосын гэрлэлтийг баталж байна.
“Бали, бали” нь мөн замын хөдөлгөөний дүрмийг үл хайхран, заримдаа физикийн хуулиар ч гэмээр хурдан буюу байж боломгүй богино хугацааны дотор захиалгат хоол, хүнс хүргэгчдийн уриа аж. Тэдэнтэй өрсөлдөхийн тулд 2007 онд Өмнөд Солонгос дахь “McDonald’s” сүлжээ түргэн хоолыг богино хугацаанд хүргэх үйлчилгээ нээхэд хүрсэн гэнэ.
Тун саяхан л БНСУ газар тариалангийн орон байсан. 1960-аад оны эхээр хүн амынх нь 72 хувь орон нутагт аж төрдөг байжээ. Хэдхэн арван жилийн хугацаанд тэд яаж цагаан будааны тариалангийн талбайн ажлаас дэлхийд хамгийн хурдан үйлчилгээ рүү шилжиж чадсан юм бол?
Энх тайвны корпусын сайн дурын гишүүнээр 1967 онд Сөүлд очоод БНСУ-ын иргэн болсон Гэри Ректор “Буддын шашны номлолоор амьдралыг ухамсарласан, аажуу тайван үндэстнийг харна хэмээн очоод гайхаж байснаа санаж байна. Үнэндээ эндхийн амьдралын хурд Америкийнхаас ч илүү байсан. Ахимаг насныхан л яардаггүй байсан байж магадгүй. Харин миний үеийн (тэр үед би 24 настай байлаа) солонгосчууд яаралтай ямар нэг юм хийж, амьдралаа сайжруулахаар байнга эрмэлздэг байв” хэмээн дурсчээ.
Тэрбээр Өмнөд Солонгос руу их өөрчлөлтийн үед очсон аж. 1960-аад оны эхээр тус улсын Засгийн газар тэр үеийн Ерөнхийлөгч Пак Чон Хигийн санаачилсан, шинэ эдийн засгийг бүтээн байгуулах таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажилдаа орсон байна. Эдийн засгийн шинэчлэл хийх шаардлага асар их байсан. Хуучин нэгдмэл Солонгосын аж үйлдвэрийн дийлэнх хэсэг Умард Солонгосын нутаг дэвсгэрт үлдсэн учир шинэчлэл нь амьд үлдэх, эсэх тухай асуудал болоод байсан цаг. Заналт дайсан болсон Умард Солонгост хуучин ЗХУ болон социалист бусад орон тусалдаг байжээ. Пак Чон Хигийн шинэчлэлийн хатуу чанга бодлого Өмнөд Солонгосын эдийн засгийн гайхамшгийг бүтээж, дайнд сүйдсэн орныг дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай, “Samsung”, “Hyundai”, LG гэсэн том корпорацтай болгосон байна.
Бали, бали амьдралын хэв маягийн гайхалтай үр өгөөжийн тухай Сөүлийн төвд орших Солонгосын орчин үеийн түүхийн үндэсний музей ч өгүүлж буй. БНСУ-ын аянгын хурдтай дэвшлийн үзэл санаа тодорхой агуулгаар чухам энд л үүсчээ. Музей орохын өмнөхөн барилгад Үндэсний өөрчлөлт шинэчлэлийн дээд зөвлөл болон Эдийн засгийн төлөвлөлтийн зөвлөл байрладаг байж.
Тус улсын эдийн засгийн эрчимтэй өсөлтийн үе болох 1961-1987 онд зориулсан үзэсгэлэнгийн танхимд эх орны ахуйн электрон техникийн анхны хувилбаруудын нэгийг үзэж байсан залуу хосыг би харж байлаа. Сонирхоод байсан нь 1959 онд бүтээсэн А-501 радио хүлээн авагч. Хажууд нь эцэг нь хүүдээ 1975 онд үйлдвэрлэсэн, анхны “Hyundai” загвар болох хөх ногоон өнгийн, тэгш өнцөгт хэлбэртэй “Hyundai pony” загварыг харуулав.
Тэр жилүүдэд БНСУ-ын экспорт жил бүр 30-40 хувиар нэмэгдэж байжээ. Эдийн засгаа шинэчлэгчдийн эр зориг, ажилтнуудын чармайлт улсаа торго, төмрийн хүдэр зэрэг түүхий эдээс үйлдвэрийн бүтээгдэхүүн экспортолдог болох хүртэл асар том үсрэлт хийх боломж олгосон. Дараа нь энэ үндэстэн ахуйн электрон техник, шатахуун тээгч хөлөг онгоц, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд шилжжээ.
Экспортлогч орны хувиар Өмнөд Солонгосын амжилтыг олон талаар хэт хурдтай холбон тайлбарладаг хэмээн хүн судлаач Ким Чунг Сун үзэж байна. “Бали, бали гэдэг нь солонгосчуудын өдөр тутмын амьдралын нэг хэсэг төдийгүй ертөнцийг үзэх үзэлд нь гүн гүнзгий шингэсэн, үндэстний суурь үнэт зүйл болсон шуурхай байдал юм” гэж тэрбээр “Солонгосоор тэр нэг цагт” гэдэг соёлын судалгаандаа тэрбээр бичжээ. “Байгалиас заяасан яаруу зангийнхаа ачаар солонгосчууд үйлдвэржиж, маш богино хугацааны дотор эдийн засгийн гайхалтай өндөр хөгжилд хүрч чаджээ” гэж зохиогч үзэж байна.
Бали, балигийн соёл тус улсын хоёр том хот болох Сөүл, Бусаныг холбосон Кёнбусон төмөр зам (428 км)-ын бэлгэдэл болсон гэнэ. Уг төмөр замыг 3.5 жил барихаар төлөвлөсөн ч 2.5 жилд багтаан дуусгаж, 1968 онд нээжээ. Тэр цагаас хойш БНСУ-д барилгын ажлын хурд өчүүхэн ч саараагүй аж. 2004 онд Сөүлээс баруун урагш орших шинэчлэн зассан газарт ухаалаг хот буюу орчин үеийн олон улсын ажил хэргийн Сонгдо дүүргийг босгосон байна. Барилгын ажил эхэлсэн эхний таван жилд тэнд цэцэрлэгт хүрээлэн, хурлын төв, “Sheraton” зочид буудал, орон сууцны олон давхар барилга бий болжээ.
БНСУ-ын нийслэлээс урагш 120 км зайтай орших Сэжон хотын засаг захиргааны төвийн барилгын ажил илүү далайцтай бөгөөд хурдан өрнөсөн гэнэ. Засгийн газрын олон газрыг шилжүүлэхээр төлөвлөсөн, өөртөө засах онцгой эрхтэй энэ хотыг 2010 онд барьж эхлээд, 2012 онд ёслол төгөлдөр нээжээ.
Дашрамд хэлэхэд, хаана ч илэрдэг ер бусын хурдны талаар Өмнөд Солонгос умард хөршид ч “халдварлаж”, байнга ярьдаг сэдэв болсон гэнэ. БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч бөгөөд удирдагч агсан Ким Ир Сен иргэдээ өдөрт хэдэн мянган км зам туулах чадалтай, үлгэр домгийн далавчит морины хурдаар ажиллахыг уриалдаг байв. Түүний ач хүү Ким Жөн Ун улс орноо өвөөгийнхөө ярьдаг далавчит мориноос 10 дахин хурдан, Солонгосын үлгэрт гардаг морь шиг хурдтай бүтээн байгуулах хэмжүүр тавьсан аж. Удирдагчаа заавал сонсох ёстой умард солонгосчууд жишээлбэл, Пёньяны Рёмонг гудамжин дахь орон сууцны бүхэл бүтэн цогцолборыг өнгөрсөн онд багтаан ашиглалтад оруулсан гэнэ.
Бали, балигийн тухай ойлголт урьд нь нэгдмэл байсан энэ ард түмний түүхэнд гүн гүнзгий ул мөрөө үлдээж байна. Үүнийг судлаач Ким Чхонг Сун ч нотолжээ. “Өнгөрсөн үеийн барилгууд ч аянгын хурдаас босож байсан” хэмээн тэрбээр бичээд, Сувон хотын Хвансон хэрмийг жишээ болгосон байна. ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн объектоор бүртгэгдсэн агуу байгууламжийг төлөвлөснөөс долоон жилийн өмнө буюу 1796 онд барьж дуусгасан аж. Уг барилга өдгөө ч өнгө үзэмжтэй хэвээр гэнэ.
Корё гүрэн (918-1392 он)-ий үеийн гангар шаазан хосгүй өнгө төрхөө өнөө цагийн солонгос бүтээгдэхүүнд хадгалсан байдаг. Урлаачийн ур чадварыг нь XVI зуунд ч үнэлж байжээ. Тэр үед хичээнгүй уран бичээс Хан Сёк Бонг Солонгосын хааны ордонд зориулсан дүрс үсгийн гар бичмэлийн шрифтийг бий болгожээ. Цааснаас гар салгалгүйгээр яруу найргийн мөрүүд бичихэд уран нарийн хөдөлгөөнөөс гадна хурд шаарддаг.
Орчин үеийн өмнөд солонгосчууд бийр ашиглаж чадахгүй ч олонх нь гарын нарийн хөдөлгөөний эвсэлтэй байдаг гэнэ. Тухайлбал, 2010 онд АНУ-ын Нью-Йорк хотод болсон “LG mobile world cup” мессеж бичлэгийн уралдаанд Өмнөд Солонгосын баг түрүүлжээ. Тэрчлэн БНСУ-ын тамирчид шорт трек, тэшүүрийн богино зайн уралдаанд өндөр амжилт үзүүлдэг. Спортын энэ төрлөөр тэд олимпын 48 медаль авсан байна.
Мэдээжийн хэрэг, бали, балигийн философиор Өмнөд Солонгосын бүх зүйлийг тайлбарлаж болохгүй. Гадаадын орнуудын сэтгүүлчид энэ талаар заримдаа туйлшрах гээд байдаг аж. “Юм болгоныг тийн тайлбарлах нь Солонгосын соёлын шог зураг шиг болно. Солонгосчуудын бүтээлчийг зохиогчид онцлох гэсэн байж болохыг ойлгож байгаа ч тэд ихэвчлэн илэрхийлэх санаанаасаа гуйвчихдаг” гэж Солонгос хойгт зориулан гаргадаг бие даасан “Korea exposе” сэтгүүлийн редактор Ку Се Вонг тэмдэглэжээ.
Хэдийгээр солонгосчуудын олонх нь бэлэн гоймон, интернэт хүргэлтэд дассан байж болох ч хотын ийм амьдрал таалагддаггүй ч бий. Алдартнуудын олонх нь тухайлбал, чийглэг уур амьсгал, наран шаралгын газар, амьдралын тайван хэмнэлтэй өмнөд нутгийн Чежү арлыг зорьдог. Тэдний дотор поп од И Хиори, түүний нөхөр И Санг Сун нар хотын гаднах амьдралын хэв маягийг реалити шоугаараа харуулдаг. Гэхдээ “газрын ийм амьдрал” хэр удаан үргэлжлэхийг урьдчилан хэлэх аргагүй. Учир нь Өмнөд Солонгосын нийгмийн хэв маяг мөн л аянгын хурдаар хувиран, өөрчлөгдөж байна.