Esquire” сэтгүүлийн онцлох зочин Марион Котийяр бол Францын жүжигчин. Өдгөө 43 настай. 2008 онд “Оскар”-ын шагналыг Эдит Пиафийн дүрээрээ хүртсэн. Ингэснээр гадаад хэлээрх бүтээлд олгосон хоёр дахь “Оскар”-ын эзэн болсон бөгөөд түүнээс өмнө 1962 онд эл шагналыг анх Италийн алдарт жүжигчин Софи Лорен авч байлаа.
Марионы аав, ээж жүжигчин, хувийн театртай. Ихэр дүүтэй бөгөөд нэг нь уран барималч, нөгөөх нь зохиолч юм байна. Зургаан настайдаа анх театрын тайзнаа гарч, 1993 онд Америкийн телевизийн цувралд, дараа жил нь дэлгэцийн кинонд дүр бүтээсэн нь түүний дебют байлаа. Марион 2007 онд Францын жүжигчин, найруулагч Гийом Канетай гэрлэсэн бөгөөд тэд хүү, охинтой. Хүрээлэн буй орчны төлөө тэмцэгч, “Гринпис” байгууллагын гишүүн тэрбээр асуултад ийнхүү хариулжээ.
- Тэр, энэ улсын гэсэн тодотгол хэрэгтэй гэж үү, би зүгээр л жүжигчин байхыг хүсдэг.
- Би сүүлийн үед яг л жаахан охин шиг бэлгэнд дуртай болчихсоноо анзаарсан.
- Багадаа үнэхээр ухаан муутай байж дээ, гэхдээ галзуу, тэнэг биш шүү.
- Анх үзсэн америк кино гэвэл, харь гаргийнхны тухай Спилбергийн бүтээл байсан.
- Намайг багад гэрт минь маш олон янзын мэргэжилтэй хүмүүс ирдэг, дандаа л хөлтэй байдаг сан. Тйим л орчинд өссөн дөө. Тэр нь ямар ч цэцэрлэгээс дээр байсан гэж боддог юм.
- Аав маань пантомим урлагаар үзүүлбэр хийдэг байсан учраас би “хоосон” дугуй унаж, байхгүй алимыг хазаж, шатгүй шатаар өгсөж чаддаг хүүхэд байсан.
- Холливудад очсон анхны сэтгэгдэл гэвэл, зургийг нь харсаар байгаад танил болсон хүмүүс надтай ярилцаж байсан нь үнэхээр гайхалтай санагдаж билээ.
- Грета Гарбог би биширдэг. Гэхдээ хэн нэгэн жүжигчний амьдралаар амьдарч үз гэвэл Чарли Чаплиныг сонгоно. Бас Питер Селлерс болж үзмээр байна.
- Яагаад би жүжигчин болсон бэ. Үүнээс өөр мэргэжилтэй байж болно гэсэн сэдлийг хүүхдэд хэн нэгэн зөвлөж, чиглүүлж өгөх ёстой. Тэгээгүй учраас л би жүжигчин болсон.
- Дүр гэдэг бол үл мэдэгдэх зүйл, итгэл найдвар, айдас, түгшүүр гэхчлэн янз бүрийн нөхцөл байдалтай нүүр тулгуулж, онцгой сэтгэгдэл төрүүлдэг увдистай.
- Хэд наслахаа, үхсэнийхээ дараа хүн болох, эсэхээ бид мэдэхгүй. Гэсэн ч хойд нас гэж байдаг, үхэл бол бүрмөсөн зогсох бус, түр зуурын завсарлага авах товч гэж итгэхийг хүсдэг.
- Миний хувьд моддын дунд бодлоо төвлөрүүлэхэд илүү амар санагддаг.
- Би зүүдэндээ амьтан харахыг хүсдэг. Надад нэг сонин гэмээр давуу тал бий. Яаж ч бөх унтаж байсан дуудахад л сэрээд, эргэн унтахдаа түрүүнийхээ зүүдийг үргэлжлүүлж чаддаг.
- Би том хамтлагийн хөгжимчин болохыг мөрөөддөг байлаа. Тайзан дээр гоцлооч дээр хурц гэрэл тусаж, ард нь би бүдэгхэн харагдаж байгаагаар төсөөлөх сайхан.
- Би бусдын л адил өнгөрсөн үеэсээ заримдаа ичиж, ирээдүйгээс айдаг. Би одоо үед илүү хайртай. Өөрөөрөө байж чадаж байгаа энэ насандаа би хамгийн аз жаргалтай гэж хэлнэ.
- Эмэгтэй жүжигчид өөрсдийгөө янхан мэт мэдэрдэг.
- Гоо сайхны мэс засал хийлгэдэг хүмүүс хамгийн эхлээд юу мэдэрдэг гээч, айдсыг. Гэхдээ айх, өвдөх нь тэдэнд чухал биш. Гоё болох нь, залуугаараа байх нь л хамгийн чухал. Миний хувьд тийм зүйл мэдрэхийг хүсдэггүй.
- Би өндөр наслахаас айдаг.
- Одоо хамгийн их хүсэж байгаа зүйл гэвэл, эмээ болох. Хүүхдүүд минь над шиг оройтож үртэй болохгүй гэж найдъя.
- Уг нь санаагаар минь болдог бол залуухан эмээ баймаар байна шүү дээ.
- Ээж болохоор гэнэт л ухаан суудаг юм шиг ээ. Гэр бүлээ аз жаргалтай байлгах ёстой гэсэн том хариуцлагыг хэнээр ч хэлүүлэхгүй мэдэрч, зүтгэдэг юм билээ.
- Амьд байгаа цагт аргатай гэдэг шиг амьсгалж, хөдөлж байгаа юм чинь амьдрал илүү л сайхан болно.
- Эрэл хайгуул хийхээ больсон цагт бид хөгширч эхэлнэ гэж боддог. Аварга загасанд хазуулж, үхэх шахсан нэгэн хүний тухай баримтат кино үзсэн юм. Тэрбээр эдгэснийхээ дараа аварга загаснуудыг үгүй хийхээр дэлхийгээр тэнэж, нэртэй анчин болдог. Ингэж явахдаа нэг өдөр “Би өч төчнөөн амьтны аминд хүрлээ. Ингэж хүний гарт үрэгдсээр байгаад эл амьтан хорвоогоос бүрмөсөн алга болчихвол яах вэ” гэж бодоод аварга загасыг устгах биш, аврахаар сэтгэл шулуудсан. Тэгээд нэгэн судлаачтай танилцаж, акулын талаар олон зүйл мэдэж авав. Нэг удаа тэд далайд завьтай гарлаа. Судлаач түүнд “Акул тийм ч аймаар биш. Түүнд хүрээд үз дээ” гэхэд хажуугаар нь өнгөрч явсан аварга загасанд гараа хүргэсэн. Энэ бол хүсвэл бид ганц мөчийн дотор амьдралыг эргүүлж чадна. Үүний тулд эрэл хайгуул хийх ёстойг харуулсан.
- Үл мэдэх зүйлээс илүү амттан гэж байхгүй.
- Би зөрүүд, сонирхолтой эмэгтэй.
- Хэрэгтэй үед оновчтой үг орж ирэхгүй байх үнэхээр аймаар.