- АЕГ-ын дэд даргыг 1.9 тэрбум төгрөг хахуульд авсан гэж буруутгаж байна –
Архивын ерөнхий газар (АЕГ)-ын дэд дарга Б.Үнэнбат, Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Ганболд, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан, дэд хурандаа С.Батзаяа тэргүүтэй хүмүүсийг их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр саатуулан, шалгаж байгаа.
Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхад УЕПГ-ын Тамгын газрын дарга, ХЗДХ-ийн сайд болоход нь тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, МХЕГ-т Тамгын газрын дарга зэрэг эрх бүхий албан тушаал хашиж байсан Б.Үнэнбатыг хэрэгт холбогдсон хүмүүсээс 1.9 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэж буруутгасан юм билээ.
Дээрх гурван хүнээс гадна “Нуурын Чинбаа” гэдэг хочоороо шоронд ял эдэлж байсан хүмүүсийн дунд танигдсан С.Чинбат, “Бэлон” компанийн захирал Р.Баатархүү нарыг цагдан хорьсон хэвээр байгаа гэдгийг эх сурвалжууд хэлэв.
Р.Баатархүүгийн хувьд өмнө нь Туул гол руу химийн хорт бодис асгаж байсан хэрэгт МБГ-ын Байгаль орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгуулсан нэгэн билээ.
Ховд аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, өдгөө Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнхболдыг батлан даалтад гаргасан гэнэ. Дээрх хүмүүсийг хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийх нэрээр олборлолт явуулж, тэндээс гарсан ашигт малтмалыг Ховд аймгийн Булган сум дахь боомт болон өмнөд хилийн Замын-Үүд боомтоор хил давуулж байсан хэмээн буруутгаж буй.