Баталь (bataille) буюу тулаан гэсэн франц үгээр уран зургийн нэгэн урсгалыг нэрлэдэг. Мэдээж, нэрнээсээ л чухам юун тухай зурдаг нь тодорхой. Дэлхийн I, II дайн болон түүнээс өмнөх үед энэ сэдвээр туурвисан зураачид бүгд аймшигт үйл явдлыг биеэр туулсан цэрэг, офицерууд байжээ. Тэднээс цөөнгүй нь тухайн тулааны үед буюу газар дээр нь зурсан байдаг аж.
Дайн гэж ямар аймаар зүйл болохыг харуулах нь баталь уран бүтээлийн гол зорилго. XVI зууны эхэн үед бий болсон гэх эл урсгалаар Сэргэн мандалын үеийн Италийн зураачид олон бүтээл гаргажээ. Оросууд баталь урсгалыг нэлээд хөгжүүлсэн бөгөөд дэлхийн II дайны үед плакат болон ухуулах хуудсанд өргөн ашигласан байдаг.
“Би дайны төрлүүдийг судалж, тэдгээрийг үнэн, зөвөөр дамжуулахыг зорьдог. Түүхэн үйл явдлуудыг зотон дээр будаг, бийрээр бичихдээ гоёчилж, чимэглэхгүйгээр дүрслэх нь чухал” хэмээсэн Оросын баталь уран бүтээлч Василий Верещагин (1842-1904)-ыг мэргэжилтнүүд их онцолдог. Түүний зургуудаас хүргэе.
“ЯЛАЛТАА ТАНИЛЦУУЛСАН НЬ”
1872 онд зурсан эл зураг өдгөө Третьяковын галерейд бий. Дайнд ялсан туркмен цэргүүд хаандаа ямар их баатарлаг гавьяа байгуулснаа гэрчлэн орос олзлогсдын толгойг авчирч үзүүлж буй эл дүрслэлээс ялалтын “амт” мэдрэгдэнэ. Үй олон дайсных нь цустайгаа хатсан толгой Бухарын эмирт ямар их баяр хөөр авчирсныг таашгүй.
В.Верещагин 1871-1873 онд Германы Мюнхен хотод байхдаа эл дайны тухай 13 цуврал бүтээл зурсан бөгөөд “Ялалтаа танилцуулсан нь” үүний нэг. Эдгээр зургийг нь 1874 онд П.М.Третьяков 92 000 рублиэр худалдан авсан түүхтэй аж.
1867 онд Туркестаны нэгэн генерал В.Верещагиныг Самаркандад урьж, тулааны тухай зуруулсан бөгөөд энэ үеэр зураач шархадсан гэдэг.
“ДАЙНЫ ДҮР ТӨРХ”
“Дайны дүр төрх” зураг нь В.Верещагиныг “загалмайлсан” гэж шинжээчид үнэлдэг юм байна. Цөлд ургаж буй жимсний модод, балгас болсон хотын төрх, овоолсон гавлын ясан дээгүүр эргэлдэх хэрээнүүд гээд уялдаатай хэрнээ авцалдахгүй байж мэдэх дүрслэлүүдээрээ зураач дайн гамшиг, хөнөөлийг үзүүлсэн. Тэрбээр хүний биеийн анатоми бүтцийг гаргууд мэддэг байсан учраас гавал бүрийг “амьдруулан” зурахдаа сац суварга хэлбэртэй бүтээсэн нь учиртай гэнэ. Энэхүү суварга хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд, энгийн номхон иргэдийн гавлаар бүтсэн. Тэгэхээр дайн зөвхөн цэргүүдэд бус, бүгдэд хамаатай.
Бүгдийг үгүй хийх аюултай гэсэн санаа юм байна. Тэрбээр зургийнхаа хүрээн дотор “Өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн бүх булаан эзлэгчид зориулав” гэж бичсэн нь үзэл бодол, агуулгаа тодотгосон санаа гэдгийг судлаачид тайлбарлажээ.
Орос, Японы хооронд болсон усан тулааны тухай бүтээлээ хийж байгаад таалал төгссөн Василий Верещагин “Би нарыг насан туршдаа хайрласан шигээ түүнийг зурахыг хүсдэг байлаа. Тэгсэн бол бүтээлүүдэд минь огт байхгүй олон зүйл дүрслэгдэх байсан” гэсэн байдаг.
“АНГЛИЧУУД ЭНЭТХЭГИЙН БОСОГЧДЫГ ДАРАВ”
1884 онд “Гурван цааз” цуврал бүтээлдээ В.Верещагин эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн энэтхэг босогчдын түүхийг өгүүлжээ. Их бууны аманд хүлүүлсэн энэтхэг цэргүүдийн амь талаар болоогүй юм.
Тухайн цагт ийнхүү их бууны аманд хүлж, шийтгэхийг “чөтгөрийн салхи” хэмээн нэрлэдэг байжээ. Талийгаачийнх нь биений тасархай олдвол гэр бүлийнхэнд нь бараг дээдийн заяа шахуу байсан гэдэг. Эл харгис явдлыг бүтээлдээ буулгасан В.Верещагиныг англичууд “Тагнуул хийсэн” хэмээн буруутгажээ. Бусдын нутагт эзэн суусан колончлогчдын дарангуйллыг харуулснаараа энэ зураг дэлхийн уран зургийн түүхэнд асар их ач холбогдолтой хэмээн үздэг байна.
“ШИПКАД ТАЙВАН БАЙНА”
1877-1878 онд болсон Орос, Туркийн дайны тухай өгүүлсэн “Шипкад тайван байна” хэмээх гурван цуврал бүтээлд Балканы уулын Шипка даваан дээр өвөл харуулд гарсан орос цэргийн амьдрал, үхлийг харуулжээ. Тэр бол цасан шамарганд нүдүүлж, эцсийн амьсгалаа хураатал Шипкаг хамгаалсан баатар. Магадгүй түүнийг тэнд байгааг удирдлага нь мартсан байхыг үгүйсгэхгүй.
Дайн тулаантай цагт эр цэргүүдээ умартдаг, сэтгэлгүй, хариуцлагагүй дарга, удирдагчдыг тэрбээр үүгээрээ шүүмжилсэн аж. Дайны үед нөхцөл байдлыг дээш нь худал мэдээлэх, арьсаа хамгаалах явдал гардгийг энэ зургаар харуулахыг зорьжээ. Шипка давааг хамгаалсан, харуулд гарсан олон орос цэрэг туркчүүдийн гарт бус, энэ мэтээр осгож үхсэн түүх бий аж. 1877 оны 9-12 дугаар сарын хооронд 700 цэрэг тэнд харуулд гарч, олонх нь шархдаж, нэлээд нь хөлдөж үхсэн гэдэг. “Шипкад тайван байна” зураг армийн удирдлагад дарга нарынх нь ажил, цэргүүдийнх нь нөхцөл байдлыг бодитоор харуулсан том илтгэл болсон гэж үздэг юм.
Өнгөлөг
Дайн, тулаан гэсэн гунигтай, аймшигтай, хүсэмгүй зүйлийг дүрсэлсэн зургуудтай зэрэгцүүлэн поп арт урсгалын өнгөлөг, өөдрөг бүтээлүүдийг танилцуулъя. Рopular art буюу поп арт гэдэг нь түгээмэл, олон нийтийн гэсэн англи үгний товчлол юм байна. 1950- иад онд бий болсон эл урсгал нь уран зургийн ертөнцийн хэвшмэл ойлголт, уламжлалыг өөрчилж, шинэ уур амьсгал оруулснаараа онцгой ач холбогдолтойг шүүмжлэгч, судлаачид үнэлдэг.
Ийм чиглэлээр бүтээл туурвих хөшүүрэг нь “Битлз” хамтлаг байсан гэж үздэг аж. Тэдний дуу, хөгжмийг даган поп мюзик хэмээх урсгал бий болж, үүнээс үүдэн поп хөгжмийнхний цомог, пянз, сурталчилгааны зурагт хуудсыг өвөрмөц хийх санаанаас ургасан эл урсгал нь өдөр тутмын амьдралын хэрэглээг урлаг болгон харуулдаг. Нэн шинэ урлагийн нэгэн төрөл болсон поп артаар бүтээл туурвидаг орчин цагийн зураачдаас Ринат Шингареевийг онцолъё.
Оросод төрж, өссөн, зураачийн мэргэжлээ ч эх орондоо эзэмшсэн Ринат Шингареев өдгөө Лондонд амьдардаг бөгөөд поп артын хөгжилд онцгой хувь нэмэр оруулж байгаа гэж шинжээчид үнэлдэг аж. Италид уран зургийн академи төгссөн тэрбээр “Урлаг бол нөлөөллийн хэрэгсэл учраас үргэлж сайн сайхан, эерэг мэдрэмж төрүүлж, зөв энергээр хүмүүсийг тэжээх ёстой. Бусдын хөргийг зурахдаа асар хүндлэлтэй хандах учиртай” гэдэг.
Улстөрчдийн, тэр дундаа В.Путиний хөргийг хэдэн арваар нь зурсан Ринатыг орчин үеийн шилдэг зураачдын жагсаалтад багтаажээ.
“Бүтээлүүдэд минь туссан эрхмүүдийг хүмүүс зурагт, сонин, хэвлэлээс л хардаг. Чухам ямар хүн болохыг нь өөр өөрийнхөөрөө дүгнэдэг. Харин миний зурснаар төсөөлөн тэднийг арай өөр өнцгөөс харж, хувь хүнийх нь зан чанарыг мэдрээсэй гэж хүсдэг” гэсэн түүний хөрөг зургуудыг болгооно уу.
Бэлтгэсэн: Э.Хана