XIX зууны дундуур алтны донгийн нөлөөгөөр АНУ-ын баруун нутагт хүмүүс идэвхтэй шилжин суурьшиж, тус бүс нутаг хөгжсөн. Харин одоо тус улсад кобальтын дон эхэлсэн гэж болохоор байна.
Олон арван жилийн турш АНУ-д кобальт олборлодоггүй байсан гэж болно. Өдгөө олборлогч компаниуд Айдахо, Монтана, Аляскийн ордуудаас мөнгөлөг цэнхэр эрдсийг олборлох эрхийн төлөө өрсөлдөж буй. Энэ нь кобальтын эрэлт эрс ихэссэнийг илтгэнэ. Энэ металл нь янз бүрийн цахилгаан төхөөрөмж, машины лити-ионы аккумляторын гол бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг юм. Жишээлбэл, нэг цахилгаан машинд 10 орчим кг, нэг ухаалаг утсанд 10 г кобальт ордог.
Зөвхөн сүүлийн хоёр жилд фунт кобальт (450 орчим гр)-ын үнэ дөрөв дахин өсөж, 40 доллар болжээ. Одоо зах зээл намжмал буй зуны улиралд эл металлыг фунтыг нь 35-37 доллароор арилжиж буйг “Metal bulletin”-ий мэдээлэл нотолж байна. Кобальтын худалдаа энэ онд 8-10 хувиар өснө хэмээн таамаглажээ.
Энэ металлын талаарх дагалдах бүтээгдэхүүн, эсвэл үйлдвэрлэл хаягдал гэх урьдын ойлголт хэдийнэ өөрчлөгдсөн хэмээн Лондоны CRU группийн ахлах шинжээч Жорж Хеппель хэлжээ. Тус группийн тооцоолсноор дэлхий даяар 300 орчим компани кобальтын орд ашиглахаар идэвхтэй эрэл хайгуул хийж байна. “Glencore” зэрэг олборлох том компаниуд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАКУ)-аас кобальт олборлох хэмжээгээ нэмэгдүүлжээ.
АНУ 2014 оноос уг металлыг олборлож эхэлсэн. Канадын “First cobalt” компани өнгөрсөн хавар Айдахо муж улс дахь уурхайг худалдан авсан бөгөөд гурван жилийн дараа олборлолтоо эхлэхээр төлөвлөж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Трент Меллийн хэлснээр хөрөнгө оруулагчид уг ордыг зэсийнхээс илүү сонирхож буй гэнэ. “Манайх шиг олборлох компаниуд кобальтын орд хайхаа хэзээ ч болихгүй” гэж тэрбээр ярьжээ.
Энэ онд кобальтын хэрэглээ 122 мянган тонн давахаар байгаа бол долоон жилийн өмнө буюу 2011 онд уг үзүүлэлт 75 мянган тонн байсан гэнэ. Уг металлын олборлолт ирэх жилүүдэд улам бүр нэмэгдэх хэрэгцээг хангах ёстой. Гэхдээ шинжээчдийн таамаглаж буйгаар 2022 оноос нийлүүлэлтээс эрэлт давж магадгүй байна.
“eCobalt” компанийн Фина Грант Лейдьерийн хэлснээр кобальтын эрэлт нэмэгдсэний улмаас тус компани бизнесийнхээ чиг баримжааг өөрчилж, 1990-ээд онд худалдан авсан, Айдахо дахь ордоо ашиглаж эхлэхээр болжээ. Саяхныг хүртэл тус компани “Formation metals” гэдэг нэртэй байв. “Өдгөө кобальтын эрэлт маш тогтвортой байна. Урьд нь тийм байгаагүй. Манай төслийг санхүүчид олноороо, боломжийн түншүүд болон компанийн ажилтнууд сонирхох болсон” гэж тэрбээр ярьсан байна.
УУРХАЙД 40 МЯНГА ОРЧИМ ХҮҮХЭД АЖИЛЛАЖ БАЙНА
Кобальт агуулсан хүдрийг олборлосны дараа хүүхдүүд цэвэрлэж, тийрэлтэт хөдөлгүүр, дрон, аккумлятор үйлдвэрлэхэд шаардлагатай металл, янз бүрийн хайлш, баяжмалыг ялгадаг гэнэ. Энэ металлын үлэмж хэсгийг Конгод боловсруулаагүй хэлбэрээр олборлодог бол Хятад улс цэвэрлэсэн кобальт үйлдвэрлэлтээр тэргүүлдэг байна.
Кобальтын эрэлт өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан АНУ импортоос хараат байдлаа бууруулах арга зам хайж байгаа гэнэ. Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын эрх баригчид уг металлыг улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой 35 эрдэс бодисын жагсаалтад оруулсан байна. Тус улсын кобальтын компаниуд Засгийн газраасаа дэмжлэг авч, өрсөлдөгчдөөсөө давуу болно хэмээн найдаж байгаа аж.
БНАКУ-аас өөр оронд орд хайдаг нь Африкийн энэ улсын авлига, хүүхдийн хөдөлмөр ашигладаг баримттай холбоотой. НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын мэдээлснээр 2014 онд БНАКУ-ын өмнөд нутгийн уурхайнуудад 40 мянга орчим хүүхэд ажиллаж байна. Олон улсын хүний эрхийн төлөө тэмцдэг “Amnesty international” байгууллагын мэдээлснээр хүүхдүүд уурхайд өдөрт 12 цаг ажиллахдаа хүнд ачаа зөөдөг хэрнээ 1.2 долларын хөлс авдаг гэнэ.
АЙДАХОГИЙН ЦАСАНД
“eCobalt” компанийн кобальтын төсөл 20 жил ширээн дээр “хэвтсэн” гэнэ
“Кобальтыг “ёс зүйтэй” олборлодог тун цөөхөн газар бий бөгөөд манай орд газар тэдгээрийн нэг байхыг бид хүсэж байна. Энэ л манай давуу тал байх болно хэмээн бид найдаж байна” гэж Америкийн “Missouri cobalt” компанийн гүйцэтгэх захирал Майкл Холломан ярьжээ. Тус компани Миссури муж улсын Мэдисон тойрогт үйл ажиллагаа явуулдаг нэг уурхайгаас энэ зундаа багтан олборлолтоо эхлэхээр төлөвлөсөн аж. Эндхийн нөөц нь 15.7 мянга орчим тонноор хэмжигдэж байгаа нь Хойд Америкийн нутаг дэвсгэр дэх томоохон орд газарт тооцогдож байна.
Гэхдээ өндөр чанартай кобальтын томоохон орд газрууд Хойд Америкаас гадна байдаг бөгөөд АНУ уг металлын импортоос бүрмөсөн ангижрах нь юу л бол. Шинжээчдийн тооцоолсноор дэлхийн зах зээлд БНАКУ-д олборлосон кобальтын хувь хэмжээ өссөөр байна. Учир нь олон улсын томоохон компаниуд кобальтын үйлдвэрлэлээ чухам БНАКУ-д төвлөрүүлсээр буй.
Европ, Хойд Америк, Азийн хэд хэдэн улсад үйлдвэрүүд нээгдсэний дараа ч цэвэрлэсэн кобальтын гол үйлдвэрлэгч нь Хятад улс хэвээр байх бололтой.
ШАГНАЛЫН ХЭСЭГ
Америкийн компаниудад дэлхийн кобальтын зах зээлийн өчүүхэн хэсэг ногддог ч удахгүй тэдний бүтээгдэхүүн “шагналын хэсэгт” багтаж, БНАКУ-д үйлдвэрлэснээс үлэмж өндөр үнээр арилжигдаж магадгүй. “Геополитикийн эрсдэлүүдийг бууруулах сонирхол компани бүрт байдаг учир Конго улсаас гадна олборлолт явуулдаг төслүүд амжилт олж мэднэ” гэж “Benchmark mineral intelligence” компанийн шинжээч Каспар Ролс ярьсан байна.
Орд газрыг ашиглах зардал хэдэн зуун сая доллар болдог. Гэтэл дэлхийн зах зээл дээр кобальтын үнэ тогтворгүй ч өссөөр буй нь кобальтын нийлүүлэлтээс хараат бус байдлыг бууруулах арга замыг эл бизнесийг эрхлэгчид хайхад хүргэж буй.
Улс төрийн эрсдэлүүд компаниудыг кобальтын нийлүүлэлтээс татгалзахад хүргэж байна. Өнгөрсөн сарын дундуур цахилгаан автомашины “Tesla” компанид зай хураагуур нийлүүлэгч “Panasonic” компани нэг нийлүүлэгчтэйгээ хамтран ажиллахаас татгалзжээ. Тэр нийлүүлэгчийг Куба улсаас олборлосон кобальт ашигласан хэмээн сэжиглэсэн гэнэ.