Фэйсбүүк “ухах” явцад шар мэдээ, сонжоо, зурхайны холбоос цөөнгүй харагддаг. Тэдгээрийг үзэх гэтэл зарим нь и-мэйл хаяг, нууц үгийг чинь нэхэж мэднэ. Тийм “нөхдөөс” болгоомжлоорой. Хувийн мэдээллээр дамжуулан банкны дансанд тань нэвтэрч, хулгай хийх “өгөөш” болдог юм байна. Цахим сүлжээ ашиглан бусдыг хуурч мэхлэн, мөнгө залилсан үйлдэл цагдаагийн байгууллагад олноор бүртгэгдэх болсон аж.
Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас олон нийтэд хандан, сэрэмжлүүлэг, зөвлөгөө гаргав. Бусдад залилуулахгүй, хувийн мэдээллээ алдахгүйн тулд фэйсбүүк болон бусад цахим хаягийнхаа нууц үгэнд утасны дугаар, төрсөн он, сар, өдөр зэрэг амархан “илрүүлж” болох тоо ашиглаж болохгүй.
Түүнчлэн нууц үгээ долоо хоног тутам солих хэрэгтэй гэнэ. Хамгийн гол нь таны найз болон танилаас мөнгө, бусад зүйл гуйсан хүсэлт ирсэн тохиолдолд тухайн хүнтэй заавал биечлэн уулзаж, үнэн, эсэхийг нягтлан шалгасны дараа шийдвэрлэхийг зөвлөлөө.
Дашрамд, энэ төрлийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дахь залилах гэсэн зүйл ангид хамааруулдаг бөгөөд 3-12 жилийн хугацаагаар хорих ялтай.