Өмнөд болон Умард Солонгосын цэргийнхэн хилийн Панмүнжом тосгондоо хэлэлцээ хийж, аюулгүй байдлын салбарын хэд хэдэн асуудлаар харилцан ойлголцолд хүрсэн тухай “Yonhap” агентлаг мэдээллээ. Тухайлал, тус хоёр улсын дунд орших цэрэггүй бүс дэх цэргийн шарилуудыг хамтран эрж хайхаар болж, тэндхийн харуулын цэгүүдийг буулгаж үзэхээр болжээ. Энэ бүсэд Өмнөд Солонгос байнгын үйл ажиллагаатай 60 орчим харуулын цэгтэй бол БНАСАУ-д энэ тоо 160 байдаг гэнэ.
Генерал цолтнуудын түвшинд хийсэн дээрх уулзалт нь Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжаах зорилготой байжээ.
Үүний сацуу Өмнөд Солонгосын Үндэсний нэгдлийн хэрэг эрхэлсэн яамны орлогч сайд Чон Хэн Сон дайны улмаас хилийн хоёр талд хуваагдсан төрөл төрөгсдийн уулзалтад бэлтгэх ажлыг шалгахаар БНАСАУ-д айлчилсан тухай “Yonhap” агентлаг мэдээллээ. Сайд Өмнөд Солонгосын эрх баригчдын найман төлөөлөгчийн хамт уулзалт болох Кымгансан буюу Алмаасан ууланд очсон байна. Урьд нь мэдээлснээр уг уулзалт энэ сарын 20-26- ны хооронд болох юм.
Ийм уулзалтыг 1980- аад оноос хойш хоёр улсын Улаан загалмай нийгэмлэгийн шугамаар зохион байгуулсаар ирсэн юм. хожим нь Кымгансан уулын амралт сувиллын газарт уулзалт хийх зочид буудлын цогцолбор байгуулсан. Эл уулзалт 2015 онд хамгийн сүүлд болсон аж. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр уг арга хэмжээг сэргээхээр тохиролцсон юм.
Солонгос улс 1945 онд Японы колоничлолоос чөлөөлөгдсөний дараа хоёр хуваагджээ.