БНСУ-д хэт халууны өдрүүд үргэлжилж байна. Гэтэл ойрын хоёр хоногт буюу 2018 оны наймдугаар сарын 1-3-ны өдрүүдэд БНСУ-д цельсийн +40 градуст хүрч хална хэмээн "Yonhap" агентлаг мэдээлэв. Энэ нь сүүлийн 111 жилд тохиогоогүй үзэгдэл бөгөөд Сөүлд хамгийн ихдээ 39 хэмд хүрч байжээ. Иймд тус улсын Засгийн газар зарим үйлдвэр, албан байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, иргэдийг өдрийн хэт халуун үе болох 12.00-оос 17.00 цаг хүртэл гадагш гарахгүй байхыг зөвлөж байгаа юм байна.
Өнөөдөр л гэхэд 14.20 минутын орчимд агаарын температур +40.3 хэмд хүрчээ. Энэ нь 1907 онд цаг уурын мэдээ хэмжиж эхэлснээс хойш 111 жилд гарч байгаагүй аюулт үзэгдэл хэмээн тус улсын Цаг уурын удирдлагын төв мэдээллээ.
2018 оны зун л гэхэд Солонгост 2266 хүн нарны хордлогод орж, 28 хүн нас бараад буй. Наранд цохиулсан хүмүүсийн дийлэнх нь өндөр настай болон хүүхдүүд байгаа аж. Мөн хэт халуунаас болж, үхэр, тахиа гэх мэт фермийн амьтад олноороо үхэж, хэдэн зуун ферм хаалгаа барьжээ.
Дашрамд сонирхуулахад, Сөүлд 1994 оны долдугаар сарын 24-нд +39.9 градус, 1943 оны наймдугаар сарын 24-нд +38.3 хэм, 1994 оны долдугаар сарын 23-нд +38.2 хэмд хүрч халж байжээ.