Вашингтон хориг арга хэмжээ авсан тохиолдолд Турк шиг хүчтэй бөгөөд үнэнч түншээ алдах эрсдэлтэй хэмээн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан АНУ-г сүрдүүлж, маргаантай нэг ч асуудлаар буулт хийхгүй байхад бэлэн гэсэн ойлголт өгчээ.
Хэрэв Анкара “F-35” сөнөөгч нисэх онгоц авахгүй бол Олон улсын арбитрийн шүүхэд зарга мэдүүлэхээ тэрбээр мэдээлээд 2016 онд эргэлт хийх гэсэн оролдлогод зуучийн үүрэг гүйцэтгэсэн гэсэн хэргээр баривчлагдсан Америкийн номлогч Эндрю Брансоныг суллах шаардлагыг няцаасан байна. Анкарад хориг арга хэмжээ авна гэсэн Вашингтоны сүрдүүлгэд Туркийн удирдагч ийн хариу өгсөн нь тус улс АНУ-аас улам бүр хөндийрч, Орос, Иран гэсэн түншүүддээ илүү ойртохын нотолгоо болж байна.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Анкарад жинтэй хориг арга хэмжээ авахаар сүрдүүлсэнтэй холбогдуулан Туркийн Ерөнхийлөгч эхний тайлбараа Йоханнесбургт хийжээ. ӨАБНУ-ын нийслэлд болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад тэрбээр анх удаа оролцсон юм.
Цагаан ордны тэргүүн твиттер хуудсандаа гэрийн хорионд оруулсан америк номлогч Эндрю Брансоныг нэн даруй суллахыг шаардаж, эс бөгөөс АНУ-аас авах шийтгэлийн арга хэмжээнд бэлд хэмээн бичсэний хариуд Ерөнхийлөгч Эрдоан эрс муудсаар буй харилцааныхаа хамгийн эмзэг асуудлыг хөндөх нь зүйтэй гэж үзжээ. “Харилцаагаа хэрхэн өөрчлөх нь Трампын л асуудал” гэж тэрбээр нэмж хэлээд, улсынх нь эсрэг сэтгэл зүйн дайн өдөөлөө хэмээн АНУ-ыг буруушаасан байна.
Ийм мэдэгдлийг Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу ч хийжээ. “Хэн нэгэн сүрдүүлэхийг бид хэзээ ч тэвчихгүй. Хууль хэнд ялгаваргүй үйлчилнэ” хэмээн тэрбээр твиттер хуудсандаа бичжээ.
FETO байгууллагад зуучилсан хэмээн 2016 оны аравдугаар сард Туркт баривчлагдсан Эндрю Брансонтой холбоотой байдал өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт эрс хурцадсан билээ. Дашрамд дурдахад, Туркийн Измир мужийн шүүх өнгөрсөн сарын 25-нд номлогчийн суллагдах хүсэлтийг няцааж, гэрийн хорионд оруулаад, тус улсаас гарахыг хориглосон байна.
Дараагийн шүүх хурал нь ирэх аравдугаар сарын 12-нд болох аж. Америкийн номлогчийг FETO-гоос гадна Туркт хориотой Курдистаны ажилчны намтай холбоотой хэмээж буй аж. Тэрбээр гэм буруутай болох нь нотлогдвол 35 жил хорих ял шийтгүүлнэ. Түүнд ял оноох нь тодорхой болсныг харгалзан Ерөнхийлөгч Трамп биечлэн уг хэрэгт хөндлөнгөөс оролцохоор шийджээ.
Анкара шилжүүлэн өгөхийг хэдийнээс шаардаж буй, Туркийн нөлөө бүхий номлогч Фетхуллах Гюлен АНУ-ын Пенсильвани муж улсад аж төрж байгаа нь Эндою номлогчийн хэрэг хоёр улсын харилцаанд ихээхэн анхаарал хандуулахад хүргэж буй.
Турк улс Брансоныг Гюленээр солихыг өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхийлөгч Эрдоан санал болгосон билээ. Гэвч хэдэн сарын дараа Анкарагийн аяс мэдэгдэхуйц ширүүсчээ. “Номлогч Брансоныг солионы мөнгө хэмээн бид огт үзэж байгаагүй” хэмээн Ерөнхийлөгч Эрдоан тодруулсан байна.
Номлогчийн хэргээс гадна Турк, Америкийн харилцаанд хүчтэй нөлөөлж буй зүйл нь Турк улс Оросын зенитийн пуужингийн “С-400” цогцолборыг худалдан авахаар төлөвлөж буйтай холбоотой асуудал юм. Москва, Анкара хоорондын зэвсгийн гэрээг цуцлах гэхдээ АНУ-ын Конгресс “С-400”-г авна гэвэл 10 тэрбум долларын өртөг бүхий тав дахь үеийн сөнөөгч “F-35” нисэх онгоц 100 гаруйг нийлүүлэхээ болино хэмээн сүрдүүлсэн билээ. Москва, эсвэл Вашингтоны алинд нь ашигтайгаар шийдэх эрх Анкарад нээлттэй хэвээр байна.
Гэхдээ Ерөнхийлөгч Эрдоан улсынхаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлагадаа Брансоны хэрэгтэй холбоотойгоор Америк хориг арга хэмжээ авах нь Анкараг буулт хийхэд хүргэхгүй гэсэн ойлголт өгчээ. “Одоо тэд биднийг сүрдүүлэх дээрээ туллаа. Хэрэв онгоц нийлүүлэхгүй бол Олон улсын арбитрын шүүхэд бид хандана” хэмээн Туркийн удирдагч сүрдүүлсэн. Манай улс “F-35”-аас өөр хувилбарыг авч үзэж болох юм хэмээн нэмж хэлжээ.
Вашингтоны хувьд бас нэг таагүй асуудал нь “Anadolu” агентлагаас өнгөрсөн ням гарагт нийтэлсэн, Ерөнхийлөгч Эрдоаны мэдэгдэл болох нь. АНУ-тай холбоотны харилцаатай хэдий ч Турк улс Тегераны эсрэг Америкийн хориг арга хэмжээнд нэгдэхгүй, Ираны нефтиэс ч татгалзахгүй хэмээн тэрбээр хэлсэн юм. “Турк улс Иранаас хий авна гэдгийг би Обамад хэлж байсан, Трампад ч давтсан. Хэрэв тэндээс авахгүй бол Туркт хэн хий нийлүүлэх билээ” гэсэн асуултыг Туркийн удирдагч тавьжээ.
Сүүлчийн арван жилийн хугацааны хамгийн доод цэгтээ хүрч болзошгүй АНУ-тай хийж буй харилцаа хөрж байгаа энэ үед Анкара хүчний өөр төвийг түшиж, Америкийн Баруун Европын гол түншүүдтэй яриа хэлэлцээгээ идэвхжүүлэхийг оролдож байна.
Тухайлбал, Герман “Bild” сонин хоёр улсын Засгийн газар дахь эх сурвалжуудаас эш татан бичсэнээр ирэх есдүгээр сарын эцсээр Эрдоан Германд анх удаа айлчлах юм. Туркийн хэвлэлүүдэд мэдээлснээр үүний өмнөхөн Орос, Герман, Францын удирдагчид Анкарад цуглаж, Сирийн байдлын зохицуулах дөрвөн талын уулзалт хийж магадгүй.
Үүний сацуу БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус байгууллагын гишүүн таван улстай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхийн төлөө буйгаа Туркийн удирдагч илэрхийлжээ. Тэрбээр мөн БРИКС, Исламын хамтын ажиллагааны байгууллага хооронд илүү нягт холбоотой байхыг уриалсан байна.