Монгол дахь FETO байгууллагын тухай мэдээллийн талаар Туркийн ГХЯ-ны төлөөлөгч Хами Аксой мэдэгдэл хийснийг тус яамны цахим хуудсанд нийтэлжээ. Уг мэдэгдэлд “Террорист FETO байгууллага Монголд ихээхэн оролцоотой байдаг нь тус улсын аюулгүй байдалд заналхийлж байна. Бид энэ талаар Монголын эрх баригчдад удаа дараа анхааруулсаар ирсэн. Манай улс бусад орны дотоодын аюулгүй байдалд хөндлөнгөөс оролцдоггүй. Тиймээс манай улсыг Монголоос хүн хулгайлахыг оролдсон хэмээн буруутгасан нь огт үндэслэлгүй. Ийн буруушаасанд гүнээ харамсаж байна.
Анкарад суугаа Монголын Элчин сайдыг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт дуудаж уулзаад, тус улсын эрх баригчдын байр суурийг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. FETO байгууллагаас саяхан явуулсан кампанит ажил нь монголчуудад сэрэмжлүүлэг болох ёстой. Монголын эрх баригчид уг террорист байгууллагын эсрэг шаардлагатай арга хэмжээ авна хэмээн бид найдаж байна” гэжээ.