Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин өчигдөр 10.40 цагийн үед албан өрөөндөө халдлагад өртжээ. Түүнтэй уулзах зорилгоор очсон 64 настай, тус дүүргийн 12 дугаар хорооны иргэн Идэрчулуун энэ хэргийг өдүүлснийг баттай эх сурвалжууд мэдээлэв. Чухам юунаас болж ийм хэрэг үйлдэх болсныг тэд “Нарийн бичиг, туслахынх нь өрөөнд хүн хашгирч, загнах чимээнээр гараад очтол туслах бүсгүй рүү нь хэрэгт холбогдогч этгээд ийн авирлаж байсан юм билээ.
Б.Амартүвшин “Төрийн байгууллага дотор ингэж болохгүй, аядуу зөөлөн ярилцъя” гэтэл яах ийхийн зуургүй хэвлийд нь хутгалсан байна. Хохирогчийн шарх амь наснаас холуур, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа, эмч нар шархных нь байдлыг харзнаж байгаад мэс засал хийх, эсэхийг шийдэхээр болсон. Хутганы шарх нэлээд гүн. Холбогдогч этгээд санаатай хутга авч очсон, эсэхийг тодруулахаар байцаалт үргэлжилж байна” гэлээ.
Хэрэгт холбогдоод буй Идэрчулуун нь Баянзүрх дүүрэгт жагсаал, цуглаан хийх зөвшөөрөл авна хэмээн нэг бус удаа Тамгын газарт хандаад байсан бөгөөд сүүлдээ Засаг даргатай нь уулзах хүсэлт гаргах болж. Засаг дарга нь тухайн үед хүн хүлээж авах боломжгүй байсан хэмээн албан бус эх сурвалжууд өгүүлж байгаа юм. Зарим эх сурвалж Идэрчулууныг сэтгэцийн өвчтэй хэмээж буй ч СЭМҮТ-ийнхөн “Тухайн хүний талаарх мэдээллийг цагдаагийнханд л гаргаж өгөх боломжтой” хэмээлээ.
Энэ хэргээс өмнө буюу долдугаар сарын 26-ны үдэш албан үүргээ гүйцэтгэж байсан эмчид халдсан явдал Баянхонгор аймагт гарав. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн жижүүрт гарч байсан эмчийг түргэн тусламжийн машинаар хүргүүлэн ирсэн иргэн зодсон аж. Жижүүр эмч хүнд өвчтэй нэг иргэнийг Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлээд гарч ирэхэд нь халдсанаас эмч уруул, толгойдоо хөнгөн гэмтэл авсан гэнэ.
Бэлтгэсэн: Г.Равжаа