ОХУ-ын шилдэг теннисчин Мария Шарапова саяхан Италийн алдартай наран шарлагын газарт нэгэн эртэй хамт амарч буй зураг интернэтээр тарж, олны сонирхлыг татав. Папарац нарын дуранд олзлогдсон тэрхүү эр хэн бэ?
М.Шараповагийн найз залууг Александр Гилкс гэдэг. 39 настай энэ англи эр хөрөнгө чинээтэй нэгэн. Орос теннисчин, англи бизнесмений харилцааны тухай мэдээлэл энэ оны эхээр тархжээ. Их Британий “The Daily Mail” сонин тэдний талаар анх “тагнуулын мэдээ” нийтэлсэн бөгөөд Лос-Анжелесийн нисэх буудалд хамтдаа таксинд суусныг нь овжин англи сэтгүүлч анзаарсан аж.
Мария, Александр хоёр тухайн үед Америкийн алдартай уран барималч Т.Саксын урланд зочилсон юм. Түүнээс хойш хосыг хамтдаа явахыг цөөнгүй сэтгүүлч мэдээлсэн бөгөөд тэд ч дотно харилцаагаа олон нийтээс нуухыг төдий л хичээгээгүй юм. Тухайлбал, Уимблдоны тэмцээн эхлэхээс өмнө А.Гилкс, М.Шарапова хоёр Английн нэрт дуучин Э.Жоны зохион байгуулсан буяны арга хэмжээнд оролцжээ.
Энэ дашрамд сануулахад М.Шарапова өмнө нь Болгарын теннисчин Г.Димитров (2015 онд салсан), англи теннисчин Э.Роддик, Америкийн телемагнат Д.Эберсолын хүү Чарли, сагсан бөмбөгчин С.Вуячич нартай амрагийн харилцаатай байсан билээ.
А.Гилкс бол дуудлага худалдааны “Paddle8” компанийг хамтран үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч нь юм. Тэрбээр урлагийн ертөнцийн хамгийн нэр нөлөөтэй 100 хүний жагсаалтад гурван удаа багтаж байснаас гадна 40 нас хүрээгүй алдартнуудын жагсаалтад нэг удаа бичигдэж байв.
Мөн “Vanity fair”, GQ зэрэг алдартай сэтгүүл А.Гилксийг хамгийн загварлаг хувцасладаг хүмүүсийн тоонд оруулдаг. Түүнээс гадна англи эр Нью-Йоркийн урлагийн академийн удирдах зөвлөлийн гишүүн билээ. А.Гилкс Лондон хотод сэхээтэн гэр бүлд мэндэлжээ. Александрын аав нь анагаах ухааны доктор, Их Британий шилдэг шүдний эмч нарын нэг бол ээж нь Оксфордын их сургуулийн Орос, Зүүн Европын тэнхимд олон жил ажилласан юм.
А.Гилкс Итонд суралцаж байгаад дараа нь Бристолын их сургуульд элсэж, орос, испани хэл сурчээ. Итонд байхдаа ханхүү Уильям, Харритай танилцсан төдийгүй Харритай найз нөхрийн харьцаатай гэнэ. Авхаалжтай эр удалгүй Францыг зорьж, цүнх, аксесуар бүтээдэг алдартай компанид ажиллах болов. 2008 оноос Нью-Йоркт суурьшиж, хоёр жилийн дараа “Paddle8”-ыг байгуулсан аж. Чухам энэ үедээ ханхүү Уильямын эхнэр К.Миддлтоны дүү Пиппа Миддлтонтой учир ургуулсан түүхтэй.
Гэхдээ А.Гилксийн хайрыг булаасан бүсгүй нь эдүгээ Нью-Йорк хотод Миша Нуну нэрээр бүтээлээ гаргадаг дизайнер Эдвин Эклсвайт байв. Тэд 2003 онд танилцаж Александр хоёр ч удаа гэрлэх санал тавьсан боловч тухай бүр татгалзсан хариу авчээ. Харин гурав дахь саналд Эдвин зөвшөөрсөн юм.
Хосуудын хурим 2012 онд Венец хотод сүр дуулиантай болж, алдарт дуучин Лана дел Рэй зочдод ая дуугаа өргөн барив. Гэвч 2016 оны есдүгээр сард Александр, Эдвин саллаа. Тэд яагаад салсан талаараа тайлбар огт хэлээгүй боловч хэн хэнийх нь амжилтад хүрэх эрмэлзэл хувийн амьдралд нь саад болсон гэж хүмүүс таамагладаг.
Оросоор муугүй ярьдаг, Орос улсад хайртай гэдгээ нуудаггүй англи залуу ийнхүү дэлхийн хамгийн царайлаг тамирчин бүсгүйчүүдийн нэг орос теннисчинтэй болзож эхэллээ.