Олон улсын армийн IV наадмыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нээж, тус улсын Ерөнхийлөгч В.Путиний илгээсэн мэндчилгээг уламжилсан тухай ТАСС уламжлав. Энэ онд уг наадамд Европ, Ази, Африк, Төв болон Латин Америкийн 32 орны 189 баг оролцож байна. Орос, Хятад, Казахстан, Беларусь, Иран, Азербайжан, Армен гэсэн долоон улсын нутаг дэвсгэрт болох 28 тэмцээний үеэр цэргийн шилдэг мэргэжилтнүүд сурсан мэдсэнээ харуулна.
С.Шойгу Москва орчимд байрладаг ОХУ-ын Зэвсэгт хүчний Алабино сургалтын талбайд болсон “Хээрийн гал тогоо” уралдаанд оролцохоор бэлтгэж буй цэргийн тогооч нарын үндэсний хоолыг өндрөөр үнэлж, амжилт хүссэн байна.
Ирэх сарын 12 хүртэл үргэлжлэх олон улсын армийн наадмын хүрээнд “Танкийн биатлон”, “Авиадартс”, “Задгай ус” зэрэг олон тэмцээн болж, оролцогчид 1067 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Тэдгээрээс “Танкийн биатлон”-д Монгол зэрэг 23 орны баг оролцоно.