Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Мурсийг 2013 онд түлхэн унагасны дараа тус улсад болсон эмх замбараагүй явдалд оролцсон 75 хүнд хуулийн дээд хэмжээ оноов. Тэдний дотор “Исламын ахан дүүс” хөдөлгөөний удирдагч Исам Арьян, Мохамед Балтаги, зартай номлогч Сафат Хигази, Вагди Гонейм нар байлаа. Цаазаар авхуулах ял шийтгүүлсэн 75 хүний 44 нь шоронд хоригдож буй бол 31-д нь эчнээ ял оноосон тухай “Huffington post” сонин мэдээлжээ.
Энэ хэргээр нийт 700 хүн шүүгдсэн байна. Олон улсын хүний эрхийг хамгаалдаг “Amnesty international” байгууллага шүүх үйл явцыг Египетийн Үндсэн хууль зөрчсөн болохыг тэмдэглээд, маш шударга бус болсон гэв.
“Исламын ахан дүүс” байгууллагатай нягт холбоотой Мохаммед Мурси тус улсыг нэг жил орчим хугацаанд удирджээ. 2013 онд болсон цэргийн эргэлтийн үеэр тэрбээр албан тушаалаа өгөхөд хүрсэн. Түүний талынхан эрс эсэргүүцэн, олон хоног жагсаж, Каирт майхан хотхон босгосон юм. Тэднийг тараасны дараа Египет даяар “уур хилэнгийн жагсаал” болсон билээ.
Тус улсын олон хотод цус асгаруулсан мөргөлдөөн болж, 600 гаруй хүн амь эрсэдсэн байна. “Исламын ахан дүүс” цагдаагийн хэсэг рүү зэвсэглэн халдах үеэр буудалцаан болж, хэдэн арван хууль сахиулагч амь үрэгдсэн. Үүний дараа сонгуульд ялсан, Египетийн шинэ Ерөнхийлөгч Абдула-Фаттаха Сиси “Исламын ахан дүүс”-ийнхнийг мөрдсөний улмаас тус байгууллагын хэдэн зуун гишүүн амиа алдаж, мянга гаруй хүн баривчлагджээ.
Одоо 75 хүнд ял оноосон шүүхийн шийдвэрийг Египетийн шашны дээд удирдагчид өргөн барина. Үндсэн хуульд нь зааснаар шашны дээд удирдагчийн санаа бодлыг заавал асуудаг ч, шийдвэрийг нь заавал хэрэгжүүлэх албагүй байдаг.
“Amnesty international” байгууллагын мэдэгдэлд дурдсанаар 2013 онд олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсэж, хүмүүс амь насаа алдсаны дараа Египетийн эрх баригчид 1000 гаруй хүн баривчлахдаа зохих ёсоор шалгаагүй, мөргөлдөөнд оролцсон хууль сахиулагчдын үйлдлийг ч мөрдөөгүй гэнэ.
Эл хэргээр шүүгдсэн хүмүүсийн дунд хэвлэлийн эрх чөлөөний төлөө үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, ЮНЕСКО болон Гильермо Каногийн шагнал хүртсэн, Шокан гэдэг нэрээр алдаршсан, гэрэл зургийн сэтгүүлч Махмуд Абу Зейд байв. Цус асгаруулсан эмх замбараагүй явдал болсон 2013 оны наймдугаар сарын 14-ний өдөр түүнийг эсэргүүцлээ илэрхийлэгчдийн зургийг авч байхад нь баривчилжээ. Тэр цагаас хойш тэрбээр шоронд хоригдож байгаа бөгөөд түүнийг хэд хэдэн хэрэгт буруутгаж буй аж.
Үүнээс өмнө 2014 оны зургадугаар сард Египетийн шүү “Исламын ахан дүүс” хөдөлгөөний 183 гишүүнд цаазаар авах ял оноосон ч үлэмж хэсэгт оноосон ялыг цуцалжээ. Гэхдээ нэлээд хэдэн хүнийг цаазалсан. Ерөнхийлөгч асан Мохаммед Мурсид цаазаар авах ял оноосон ч Давж заалдах шатны шүүх нь цуцалж, бүх насаар нь хорих болсон юм.