Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал БНТУ-ын иргэн Вейсел Акчайг (Veysel Akcay) өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн өглөө үл таних хүмүүс хулгайлсан гэх мэдээлэлтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас өгсөн чиглэлийн дагуу Гадаад харилцааны яам шуурхай арга хэмжээ авч, дотоодын холбогдох байгууллагуудтай холбогдон ажиллаж байна.
Турк сургуулийн Монгол талын захирал Б.Ганбат олон нийтэд мэдэгдэл хийхдээ "Өнөөдөр өглөө 09.30 цагийн орчимд тус сургуулийн захирал Вейсел Акчай (Veysel Akcay)-г гэрийнх нь гаднаас старекс маркийн машинтай "үл таних" хүмүүс хулгайлсан байна. Энэ хэргийг зарим учир мэдэх хүмүүс ямар зорилгоор авч явсныг гадарлаж байгаа байх. Бид Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн I хэлтэст мэдэгдээд байна. Сүүлд авсан мэдээллээр 14.00 цагийн орчимд Турк улсаас явуулсан жижиг нисэх онгоц Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардана" гэсэн юм.
Тэгвэл Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНТУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтныг дуудаж уулзан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлсан гэх үйлдэл үнэн бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн, уучилж болшгүй үйлдэл болох бөгөөд Монгол Улс эрс эсэргүүцнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж, тайлбар авахад Турк Улс нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа, тэр дундаа хүн хулгайлах ажиллагаа огт явуулаагүй хэмээн нотолж, уг асуудлаар Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай утсаар ярих хүсэлт тавьсныг мэдээлэв. Гадаад харилцааны сайд уг асуудлаар ярилцахад бэлэн байгаа болно.
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хөдөө орон нутагт ажиллаж буй БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалтай мөн утсаар ярихад дээрх байр суурийг нотолсон болно. Дээрх асуудал тодорхой болтол Чингис хаан олон улсын нисэх буудалд буугаад байгаа Турк Улсын тусгай үүргийн онгоцыг нисгэхгүй байх саналыг Гадаад харилцааны яамнаас холбогдох байгууллагуудад хүргүүлснээс гадна Гадаад харилцааны сайдаас өгсөн үүргийн дагуу дэд сайд Б.Батцэцэгээр ахлуулсан ажлын хэсгийг ГХЯ-нд байгуулаад байна.