Facebook компанийн хувьцааны үнэ ганцхан өдрийн дотор 19 хувиар уналаа. Хувьцааны үнэ нэг өдрийн дотор ийм хэмжээгээр унасан явдал Америкийн санхүүгийн зах зээлийн түүхэнд тохиож байгаагүй юм. Ингэснээр 629.71 тэрбум доллар байсан тус компанийн үнэлгээ 119.4 тэрбум болж уруудлаа. Үүнийг мэргэжилтнүүд Facebook-ийн холбогдсон хэрэг явдалтай холбон тайлбарлаж байна. Facebook компани 87 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг бусдад дамжуулсан талаарх мэдээлэл цацагдсанаас хойш тус компанийн ерөнхийлөгч Марк Цукерберг Америк болоод Европын холбооны асуулгад дуудагдаж тайлбар хийсэн. Ингэхдээ “Дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэсэн амлалтыг өгч байв. Facebook хэрэглэгчдийнхээ мэдээллийг Cambridge Analytica компанид шилжүүлсэн тухай мэдээ анх цацагдахад Цукерберг мэдээллийн датаны аюулгүй байдалд хангах үүднээс гуравдагч этгээдийг хэрэглэгчдийнхээ мэдээллийн баазад нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авсан. Ингэхдээ хөндлөнгийн апликэшнүүдийн мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа явуулах боломжийг хаахад чиглэгдсэн ажлуудыг хийжээ. Мэдээллийн аюулгүй байдлаа илүү чангатгаж байна гэх энэхүү мессежээрээ хэрэглэгчдийнхээ итгэлийг эргээд олохыг тэр хичээж байна. Гэвч Цукербергийн булхайг дэлгэсэн баримтууд ар араасаа хөвөрсөөр байна.