“Фэйсбүүк” компани БНХАУ-д салбараа нээх зөвшөөрөл авлаа. Энэ нь олон нийтийн тус сүлжээг хориглосон Хятадын ашигтай зах зээлд нэвтрэх эхний алхам юм. Шинэ салбар Хятадын мэдээллийн салбарыг хөгжүүлэгч, шинийг санаачлагч, бизнес эрхлэгчдийг дэмжих төв болох гэнэ. Хэдийгээр салбар нээх зөвшөөрөл өгсөн ч БНХАУ-ын Засгийн газрын харьяа агентлагийн цахим хуудсанд гарсан мэдээллийг устгасан байгаагаас үзвэл хүндрэл гарч болзошгүй гэж “New York times” сонин мэдээлжээ.
Хятад нь дэлхийн олон нийтийн мэдээллийн сүлжээний хамгийн том зах зээл боловч твиттер, фэйсбүүк, “YouTube”-ийг хориглодог. Эдгээрийн оронд дотоодын, хяналт тавих боломжтой “Weibo”, “Renren”, “You ku” зэрэг цахим сүлжээ ашигладаг юм.
Үүний сацуу “Фэйсбүүк” компанийг үүсгэн байгуулагч Марк Зүкерберг хятад хэл сурч байгаа хэмээн БНХАУ-ын албаны хүмүүсийн сэтгэлийг татаж амжсан байна. Тус компани Ханжоу хотод салбараа бүртгүүлсэн бөгөөд 30 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийсэн гэж “Reuters” мэдээлжээ.